Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Боливи улсад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Өмнөд Америкийн хэд хэдэн хотод сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эхэлж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсжээ.

Өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулийн үр дүнг Даваа гарагийн орой зарлахдаа одоогийн ерөнхийлөгч Эво Моралесыг ялсан мэтээр мэдээлсэн юм.

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Моралестай хамгийн ойрхон өрсөлдсөн Карлос Меса зарлажээ. Ням гарагийн орой сонгуулийн урьдчилсан дүн гарахад 59 настай Эво Моралес 45 орчим хувийн санал, 66 настай Меса 38 хувийн санал авч, хэн хэн нь олонхын санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт болох нь тодорхой болоод байв.

Гэвч тус улсын сонгуулийн хороо эцсийн дүнг мэдээлэлгүй удаасны эцэст Даваа гарагийн орой Моралесын санал 50 хувийн босго давсан гэж зарлажээ.

Эво Моралес бол Латин Америкийн орнуудын удирдагчдаас хамгийн удаан ерөнхийлөгчийн алба хашиж буй хүн. Боливийн үндсэн хуулинд нэг хүн хоёр удаа сонгогдох хязгаартай байдаг бол тэр 2017 онд үндсэн хуулийн шүүхээр өөрт ашигтай шийдвэр гаргуулж, дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх боломжтой болсон юм. 

Фермер асан, социалист үзэлтэй Моралес сүүлийн 13 жилийн хугацаанд газрын баялаг ихтэй ч ядуу дорой Боливи орныг тасралтгүй удирдаж байгаа.

Сүүлийн жилүүдэд түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүд сөхөгдөж, нэр хүнд нь нэлээд унаад байгаа юм. 2006 онд Моралес тус улсын түүхэнд анхны нутгийн уугуул угсаа гаралтай ерөнхийлөгч болж байжээ.

Харин түүнтэй өрсөлдөж байгаа Карлос Меса нь 2001-2005 онд Боливийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн.

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Америкийн орнуудад улс төрийн тэмцэл, үймээн самуун ихтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Боливийн хөрш Чили улсад засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн иргэдийн бослого тэмцэл эхэлж, өнөөдрийн байдлаар 11 хүн амь үрэгджээ.

Энэ сарын эхээр Эквадор улсад шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн иргэдийн бослого гарч нийслэл Китог эзэлснээр засгийн газар нь өөр хот руу дүрвэхэд хүрч байв. Эцэст нь ерөнхийлөгч Ленин Морено шатахууны тарифт олгодог засгийн газрын татаасыг цуцлалгүй, хэвээр үлдээх болсноор үймээн намжсан юм.

 

Эх сурвалж: AFP