Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэгчид буруу банкыг түйвээсэндээ уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоёр долоо хоног харьцангуй суларсан Хонг Конгчуудын тэмцэл өчигдөр буюу Ням гарагт дахин идэвхжлээ.

Хонг Конгийн хэд хэдэн дүүрэгт олон мянган тэмцэгчид цагдаа хүчнийхэнтэй тулгарч, эх газрын Хятадтай холбоотой бизнесүүдийг түйвээсэн байна. Тухайлбал Хятадын банкны салбарууд, ATM машинуудыг эвдэж сүйтгэсэн тохиолдлууд олноор гарчээ.

Энэ үеэр тэмцэгчид Хятадын банктай андуурч, өөр банкны цонхыг хагалсныхаа дараа ханан дээр нь уучлал гуйсан бичээс үлдээсэн тохиолдол гарсан байна.

Сошиал сүлжээнд тарсан зураг дээр BEA (Bank of East Asia) хэмээх Хонг Конгийн банкны салбарын ханан дээр “Sorry, wrong bank” гэсэн бичиг үлдээснийг харуулжээ.

Өчигдөр цагдаа нар тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэх үеэр хариуд нь шатах шингэнтэй бөмбөг шидсэн хэрэг гарсан байна. Мөн тэмцлийг зогсоохын тулд цагдаа нар усан буу ашиглажээ. Дараа нь тэмцэгчдийг таньж баривчлахын тулд хөх өнгийн будагтай усаар шүршсэн байна.

Анх гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж эхэлсэн Хонг Конгчуудын тэмцэл өнөөдөр бараг тав дахь сардаа үргэлжилж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters, Russia Today