Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаевын зээ хүү цагдааг хазсан хэргээр Их Британид шийтгүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Лондон хотын цагдаагийн офицерыг хазаж гэмтээснийхээ төлөө өчигдөр шүүхээс 18 сарын тэнсэн харгалзах ял сонссон байна.

Лондон хотын Соутварк Краун шүүхээс мөн 29 настай залуу Назарбаевт хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэх, 140 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх, 1,000 фунтын ($1,285) торгууль төлүүлэх, 5,000 фунтын ($6,420) хохирол барагдуулах шийтгэл оноожээ.

Шүүхийн бичиг баримтад өгүүлснээр Айсултан Назарбаев зургаадугаар сарын 5-ны өдөр Лондон хотын төв дэх орон сууцны тагтан дээр зогсоод орилж хашхирч, иргэн Ксения Шевелёвагийн байр руу тагтаар нь дамжиж орохыг завдсан байна.

Шевелёва нь залуу Назарбаевыг огт танихгүй гэж цагдаад мэдүүлжээ.

Улмаар тэр орон сууцны дээвэрт авирч гараад өөр нэг айлын тагт руу үсэрч буусан байна. Энэ үеэр цагдаа нар ирж, офицер Росс Сэмбрүк залууг өөр айл руу орохыг нь зогсоох гэж оролдсон гэнэ.

Гэтэл Айсултан эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн гарыг хазаж шархдуулжээ.

Энэ явдлаас хоёр өдрийн өмнө залуу Назарбаев Лондон хотын нэгэн зочид буудлын тагт руу авирч, тэндээсээ үсрэхээр сүрдүүлсэн тул иргэд цагдаад дуудлага өгч байсан гэнэ.

Айсултан нь Нурсултан Назарбаевын ууган охин Дарига Назарбаевын хүү юм. Тэрээр 2017 онд Казахстаны хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болж байжээ.

 

Эх сурвалж: BBC, Interfax