Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарийн банкнууд мөнгийг нь хадгалсны төлөө саятнуудаас төлбөр авч эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хадгалуулсан мөнгөнд нь хүү төлөхийн оронд эсрэгээрээ төлбөр авах зарчим Швейцарийн банкнуудад үйлчилж эхэлжээ.

Өчигдөр тус улсын Credit Suisse банк дансандаа $2 саяас дээш мөнгө байрлуулсан хувь хүмүүсээс хасах 0.75 хувийн хүү бодож авахаар болсныг зарласан байна.

Энэ нь тус банканд $3 саяын хадгаламжтай хүн нэг жилд $7,600 орчмыг үйлчилгээний хураамж болгон төлнө гэсэн үг юм.

Харин дансандаа $10 саяас дээш мөнгөтэй байгууллагууд 0.85 хувийн хасах хүү төлөх ажээ. Шинэ журам хувь харилцагчдад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бол байгууллагуудад энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжихээр болсон байна.

Сүүлийн жилүүдэд хасах хүүтэй хадгаламж Европ даяар хэрэгжиж эхлээд байгаа. Ийм үзэгдэл Швейцарт хамгийн анх 2015 онд бий болж байсан бол 2014 оноос хойш Евро бүсийн 19 оронд нэвтрээд байна.

Моргэйж зэрэг зээлийн бүтээгдэхүүнүүдээс ашиг олоход маш хэцүү болсон нь хасах хүүтэй мөнгө хадгалахаас өөр аргагүй болгож байгаа юм.

Швейцарийн өөр нэг томоохон банк UBS 2015 онд анх томоохон байгууллагын харилцагчдадаа хасах хүү нэвтрүүлж байсан бол одоо бусад төрлийн харилцагчдад ч нэвтрүүлэх гэж байгаагаа зарлаад байна.

“Мөнгө, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа тул” ийм арга хэмжээ авахаар болсноо USB банк тайлбарлажээ.

Саяхан Европын Төв банкны ерөнхийлөгч болсон Кристин Лагард хасах хүүг нэвтрүүлэхгүй бол евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал улам дордоно гэж үзэж байгаа. Гэхдээ тэр энэ үзэгдлийн сөрөг нөлөөг хязгаарлахад анхаарал тавьж ажиллахаа амлаж байжээ.

 

Эх сурвалж: CNN