Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"2016 онд шинээр болон дэвшин томилогдсон 1,650 албан тушаалтны дийлэнх нь улстөрчдийн нөлөөлөлтэй байсан"

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

 Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлт 23.89 хувьтай байгаа нь Азийн бусад улс орнуудтай харилцуулахад муу үзүүлэлт болох юм. 

Гэмт хэргийн шийдвэрлэлт гэдэгт илрүүлэлт, мөрдөн  байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр бүгд багтаж буй. Чиг үүрэг нь тодорхой, бие даасан байгууллагууд байсаар байтал авлига, хээл хахуулийн гэмт хэргийн шийдвэрлэлт ийнхүү муу үзүүлэлттэй байгаа нь чухам юутай холбоотой вэ. Энэ асуултад хариулт өгөх үүднээс Засгийн газраас Азийн хөгжлийн банканд хүсэлт тавьснаар “Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг өнөөдрөөс эхлэн 2021 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн нээлт өнөөдөр боллоо.

“Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн гүйцэтгэгч байгууллагаар Авлигатай Тэмцэх Газар, хэрэгжүүлэгч байгууллагаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөл сонгогдсон байна. 

Төсөл хэрэгжиж эхэлснээр авлигын хэрэг шийдвэрлэлтийн явцад дүн шинжилгээ хийх бөгөөд хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох юм байна. Мөн мөрдөгч, шүүгч, прокуроруудын чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомж, дүрэм журамд оруулах шаардлагатай өөрчлөлтийн  зөвлөмж боловсруулах ажээ. 

Төслийн нээлтийн үеэр АТГ, прокурор, шүүхийн байгууллагын төлөөллүүд авлигын хэргийн шийдвэрлэлт, тулгарч буй асуудлын талаар тавьсан илтгэлээс товчлон хүргэж байна. 

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт нь гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: Монгол Улс Авлигын индекст нэг л байран дээрээ эргэлддэг. АТГ-ыг нийгэмд үүсээд буй хүлээлтийн хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Манай улстөрчид авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил хийддэггүй, бичиг баримтууд нь хийдэлтэй боловсруулагдаж батлагдаж байгаа нь дээрх шүүмжлэл гарахад нөлөөлж байгаа. 

 

АТГ-ын сүүлийн хоёр жилийн статистикийг харвал 2018 онд 84 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар 105 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гараад 36 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ өнцгөөс нь харвал хэргүүд шалгагдаж, шийдвэрлэгдэж байна. Гэхдээ бидний шалгасан, цэвэрлэсэн гээд байгаа албан тушаал дээр улстөрчдийн хүсэл сонирхлоор дараагийн хүмүүс нь томилогдоод байгаа учраас авлига алга болохгүй байна

Мөн хууль тогтоох дээд байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого байна. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт нь гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. 

Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг болсныг та бүгд мэднэ. 2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1,650 албан тушаалтныг шалгаад үзэхээр дийлэнх нь улстөрчдийн хамаарал бүхий этгээд буюу тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс байх жишээтэй

Тиймээс энэ цаг мөчид Азийн хөгжлийн банкнаас энэхүү төслийг эхлүүлсэнд талархалтай байна. 

Авлигын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнууд дунд намдаа хандив өгсөн гэж ярьсан цөөнгүй тохиолдол бий

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: Авлигын хэргийн гаралт жилээс жилд нэмэгдсээр байгаа. Авлигын гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд гурван төрлийн хүндрэл бэрхшээл тулгардаг. Үүнд:

  • Хүн хүч, техникийн хомс байдал, 
  • Хамтын ажиллагааны хүндрэлтэй байдал /эрх зүйн тогтолцооны зөрүүтэй байдал, эрх зүйн туслалцааны асуудал/
  • Авлигын төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, соён гэгээрүүлэх ажил туйлын хангалтгүй  байдал
 

Улстөрчид авлигын хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгахгүй, илрүүлэхгүй байгаагаас энэ төрлийн хэрэг буурахгүй байгаа мэтээр ойлгуулдаг. Гэтэл энэ гэмт хэргийг хэн үйлдээд байна гэдэг дээр ач холбогдол өгдөггүй. 

Авлигын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнууд дунд намдаа хандив өгсөн гэж ярьсан цөөнгүй тохиолдол бий. Тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, санхүүжилтын эх үүсвэрээ тайлагнах зэрэг нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад зайлшгүй байх ёстой зүйлийн нэг. 

Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдол хэргийг зайлшгүй буцаадаг 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр: Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос хяналт тавьсан хэрэг дээр шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Гэм буруутай эсэхэд дүгнэлт өгдөг. Зарим тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Прокурорт буцааж байгаа тохиолдолд нийгмийн хувьд, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, хяналт тавьсан прокурорын хувьд эмзэг ханддаг. Гэхдээ шүүх хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүргийнхээ хүрээнд үндэслэл үүсвэл хэргийг буцаах зайлшгүй нөхцөл байдал үүсдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх оролцогчдод алдаа байна 

Төслийн багийн гишүүн, хуульч Л.Галбаатар: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа гэдэг ерөнхий ойлголт дотор нэг үндсэн хэсэг нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны гол оролцогчид нь мөрдөгч, прокурор, шүүгч юм. Хэрэг шалгасан тоо шүүх рүү ойртох тусам багасаад байгаа нь олон шалтгаантай. 

 

Нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны орлогчдын ур чадвартай холбоотой. Хоёрдугаарт, мөрдөгч хэргээ бүрэн гүйцэт шалгаж, шийдвэрлэлээ гэхэд прокурорын яллах дүгнэлт дээр тодорхой хэмжээний алдаа гарч байна. Мөн шүүх дээр ял оноохдоо ялыг зөв сонгож хэрэглэх дээр анхаарах зүйл байна. Эндээс харахад бүр шатны оролцогч нарт алдаа оноо байна. 

Мөн хууль тогтоомжийн хийдэлтэй холбоотой алдаа байна. Тэгэхээр мөрдөгч, прокурор, шүүгчээс бүх зүйлийг шаардах биш хууль тогтоогчид хуулиа хийдэлгүй батлах зэрэг олон үйл ажиллагаа шаардлагатай

Энэ төсөл хэрэгжсэнээр авлигын хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд ямар саад бэрхшээл байна вэ гэдгийг судалгааны үр дүнгээр тогтооно. Байгууллагуудын гаргаж өгдөг тоон мэдээллээс илүү хавтаст хэрэг, гаргасан шийдвэрт нь анализ хийх учраас үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт байгаа. 

Хамтын хүчин чармайлт гаргаж байж л Монгол Улс авлигатай тэмцэхэд ахиц гаргаж чадна

Төслийн багийн ахлах зөвлөх Б.Галдаа: Авлигын хэргийн шийдвэрлэлт олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Авлигын хэргийн гаралт их, шийдвэрлэлт бага байгаа шалтгаан энэ төслийн төгсгөлд харагдах байх. Миний харж байгаагаар шийдэж байгаа субьектын хүсэл зориг, хуулийн цоорхой, эрх зүйн орчноос болж авлигатай тэмцэх ажил үр дүнд хүрэхгүй байна

 

Хууль тогтоох үйл ажиллгаанд алсын бодлогод нийцсэн, өнөөгийн шаардлагатай зохицсон, олон улсын шаардлагад хөл нийлүүлсэн хуулийг бүтээх асуудал дутаад байгаа юм. Үүн дээр манай улстөрчид зорилгогүй хандаж байна.  

Дээр нь хуулийн байгууллагынхан нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу үгүй юу. Хамтын хүчин чармайлт гаргаж байж л Монгол Улс авлигатай тэмцэхэд ахиц гаргаж чадна.