Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн талаар хэлсэн үг нь Сингапурын ерөнхий сайдыг Хятадад баатар болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хонг Конгод өрнөж байгаа шиг үйл явдал Сингапурт тохиолдвол улс орон нь дахиж босох аргагүйгээр сүйрнэ гэж тус улсын ерөнхий сайд Ли Сянь Лүн саяхан нэгэн арга хэмжээний үеэр хэлжээ. Ерөнхий сайдын хэлсэн үгний видео бичлэг тэр даруй эх газрын Хятадын сошиал ертөнцөд тарсан байна.

Олон хүн Ли Сянь Лүний ухаалаг бодлого, Сингапур хот улсын хүчтэй засаглалыг магтан сайшаацгаажээ. Тэрээр АНУ-аас эхлээд Франц, Хонг Конг хүртэл дэлхий даяар популист хөдөлгөөн өрнөж байгааг яриад ийм үйл явдал Сингапурт тохиолдох ёсгүйг анхааруулсан байна.

“Хэрвээ ийм зүйл бидэнд тохиолдвол Сингапурыг засаглах аргагүй болно. Сингапурт итгэх итгэл байхгүй болж, Сингапур улс дуусна гэж би бодож байна” гэж Ли ярьжээ.

Түүний хэлсэн үгийг Хятадын төрийн төв хэвлэлүүд хүртэл онцолсон байна. Сүүлд хэвлэлд ярихдаа Ли Сянь Лүн өнөөдөр Хонг Конгийн тэмцэгчдийн засгийн газартаа тавьж байгаа таван шаардлага нь үнэндээ биелэх боломжгүй зүйл гэжээ.

“Тэдний тавьж байгаа таван шаардлага нь Хонг Конгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглээгүй. Зөвхөн засгийн газраа унагах зорилготой нь харагдаж байна” гэж Сингапурын ерөнхий сайд ярьсан байна.

Ли Сянь Лүн бас Хонг Конгийн удирдагчдын урагшгүй бодлогыг энэ үеэр шүүмжилжээ. “Хонг Конгийн засаг захиргаа тус хотын нийгмийн асуудлуудыг шийдэлгүй хуучинсаг аргаар удаан явсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post