Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эль Чапогийн хүү баривчлагдсан сургаар Мексикийн Кулиакан хотод дайн дэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мексикийн хар тамхины Синалоа картелийн босс асан “Эль Чапо” хочит Хоакин Гузманы хөвгүүдийн нэгийг хууль сахиулагчид баривчилсан тухай мэдээлэл цацагдсаны дараа тус улсын Кулиакан хотын гудамж талбайд дайн дэгдсэн байна.

Сошиал сүлжээнд тарж байгаа дүрс бичлэгүүдэд Кулиаканы гудамжинд буун дуу нүргэлж, нүүрэндээ баг зүүсэн зэвсэгтэй хүмүүс хэсэг хэсгээрээ явж байгаа нь харагдаж байгаа юм.

Өчигдөр орой Мексик улсын дотоод хэргийн сайд Альфонсо Дуразо гаргасан мэдэгдэлдээ Эль Чапогийн хүү Овидио Гузман Лопезыг бусад дөрвөн хүний хамт баривчилсныг зарласан байна. Энэ мэдэгдлээс хэдэн цагийн өмнө Эль Чапогийн бас нэг хүү Иван Арчибальдо Гузманыг мөн баривчилсан тухай цуурхал дэгдээд байв.

Үүний улмаас гэмт хэрэгтнүүд Кулиакан хотын цагдаа, аюулаас хамгаалахынхан руу довтолж, нөхцөл байдал хүндэрчээ. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр хотыг хүчирхийлэлд автуулахгүй байх үүднээс залуу Гузманыг суллаж явуулсан гэнэ. Гэхдээ сүүлд түүний баривчлагдсан байгаа гэрэл зураг сошиал сүлжээгээр тарсан юм.

28 настай Овидио Гузман Лопез нь Эль Чапогийн хоёр дахь эхнэрээс төрсөн дөрвөн хүүхдийн нэг ажээ. Энэ оны эхээр АНУ-ын хууль зүйн яам Овидио болон түүний ахад кокайн хилээр нэвтрүүлсэн хэрэгтэй холбогдуулан ял тулгаж байгаагаа зарласан юм.

Одоо АНУ-д бүх насаар хоригдох ял эдэлж байгаа Эль Чапо нь нийт гурван эхнэр, 10 орчим хүүхэдтэй гэгддэг.

2008 оны тавдугаар сард түүний нэг хүү Эдгар Гузман Лопез авто зогсоолд бусдын гарт алагдсанаар Эль Чапо болон түүний бусад холбоотнуудын хооронд хэдэн жил үргэлжилсэн дайн дэгдэж байв.

Өчигдөр Кулиакан хотод гарсан үймээний үеэр шоронгоос 20-30 хоригдол оргосон тухай Синалоа мужийн аюулаас хамгаалах газрын дарга Кристобал Кастанеда мэдээлжээ.

“Хотод дэг журам тогтоох хүртэл иргэдийг гудамжинд гарахгүй байхыг хүсэж байна” гэж тэр анхааруулсан байна.

Эль Чапо нь нэгэн үе дэлхийн хамгийн том хар тамхины картелийг байгуулж байв. Одоо 62 настай тэрээр Мексикт хоёр удаа, Гватемалд нэг удаа баривчлагдаж байсан ч шоронгоос хоёр удаа оргож байжээ.

2016 онд гурав дахь удаагаа баривчлагдсан Гузманыг АНУ-д шилжүүлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард холбооны шүүхээс түүнд бүх насаар хорих ял оноосон юм.

Эль Чапог баригдсаны дараа Синалоа картельд хяналтаа тогтоохоор түүний хөвгүүд бусад бүлэглэлүүдтэй тэмцэж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнөөдөр Синалоа картелийн гол өрсөлдөгч нь Халиско Шинэ Үеийнхэн (New Generation Jalisco) хэмээх бүлэглэл болоод байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian