Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэцэгмаа: Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч өгсөн мэдүүлгээсээ буцдаг

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” хэлэлцүүлэг, сургалт өнөөдөр эхэллээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2,273 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд хүчирхийлэгчийн гарт нэг иргэн амиа алджээ.

Гэр бүлийн хүчирхийлэл болсон гэх нотлох баримтуудыг яаралтай баталгаажуулж авах нь л хамгийн чухал байдаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар дүүргийн зөрчлийн хянан бүртгэх ажиллагааны хяналтын прокурор Б.Цэцэгмаа “Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн биед гэмтэл учруулах үйлдлээр илэрдэг гэж иргэд андуурдаг.

Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл санааны, эдийн засгийн, бие махбодийн,бэлгийн гэсэн дөрвөн төрлөөр илэрч болно.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийллээр өнгөрсөн онд 53 хүн баривчлах шийтгэл авч байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо нэмэгдэж 158 болжээ.

Үүнээс харахад хохирогчийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл авч байгаа байдал нь ахисан байна гэж үзэж болохоор байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж байгаа асуудал цөөнгүй. Ихэнх тохиолдолд тухайн хохирогч ямар нэг шалтгаанаар өгсөн мэдүүлгээсээ буцдаг.

Тиймээс хэргийн газар дээр дуудлагаар очсон тохиолдолд тухайн газар гэр бүлийн хүчирхийлэл болсон гэх нотлох баримтуудыг яаралтай баталгаажуулж авах нь л хамгийн чухал байдаг. 

Мөн гэр бүлийн хүчирхийллийн 90 хувьд нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд өртдөг бөгөөд эрэгтэйчүүд өртөх тохиолдол цөөн. Яг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр нь баривчлагдсан тохиолдол өнгөрсөн онд хоёр удаа л гарсан" гэлээ.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 70-80 хувийг эзэлдэг

 

Тус сургалтын үр дүнгийн талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтан М.Уянга хэлэхдээ “Дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 70-80 хувийг эзэлдэг.

Ихэнх нь бие махбодийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл өгдөг.

Дуудлагыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг сайжруулах үүднээс сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын зохион байгуулснаар гэр бүлийн хэрэг маргааныг шалган шийдвэрлэж байгаа албан тушаалтнуудын гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт нь нэмэгдэж дуудлага мэдээллийг шийдвэрлэх үйл ажиллагаа нь идэвхжин төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах юм” гэлээ.

Гурав болон түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер Б.Жавхлан “Цагдаагийн байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулж, арга хэмжээ авдаг.

Хүчирхийлэл үйлдсэн иргэд нь ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг бөгөөд ихэнх хохирогч сэтгэл санааны хүчирхийлэлд маш ихээр өртсөн байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл 1-2 удаа үйлдэгдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Харин гурав болон түүнээс дээш болсон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалт нь хоёр өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 100 гаруй алба хаагч оролцож байна.

Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2016 онд шинэчлэн баталж, 2017 оноос мөрдөж эхэлсэн байдаг.