Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжинд болж буй туршлага солилцох сургалтад Монголын 21 шүүгч оролцож байна

ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан танилцах, харилцан туршлага солилцох сургалт БНХАУ-ын Бээжин хотод 2019 оны аравдугаар сарын 13-ны өдөр эхэллээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан 10 дахь жилдээ танилцах, туршлага солилцох сургалт зохион байгуулж байгаа юм.

 

Энэ удаагийн сургалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хооронд Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсний 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр энэ удаагийн сургалтын багийг ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд бүх шатны шүүхийн 21 шүүгч, шүүхийн захиргааны 9 ажилтан оролцож байна. 

Сургалтыг БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга, хатагтай Фенг Венли нээж хэлсэн үгэндээ хоёр орны эртний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байгааг илэрхийллээ. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын "Нэг зам, Нэг бүс”, Монгол Улсын Засгийн газрын "Талын зам” санаачилгын хүрээнд соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжин хөгжихөөс гадна, хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа тууштай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр нээлтийн үгэндээ тус сургалтын ач холбогдлыг онцоллоо. Сургалтад оролцох хүмүүсийг сонгон шалгаруулах ажиллагаа жилээс жилд өрсөлдөөнтэй болж байгаа нь БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн сургалтын хөтөлбөрийн чанар, зохион байгуулалт өндөр байгаагийн илрэл гээд талархал илэрхийлэв.

БНХАУ-ын шүүхийн шинэтгэл, хөгжилтэй танилцах, харилцан туршлага судлах сургалт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

 

 

Эх сурвалж: Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар