Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Туркийн эсрэг эдийн засгийн хориг зарлах шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн зарим удирдагчдыг хар жагсаалтад оруулах, гангийн импортод нь өндөр татвар оноох, Анкаратай хийж буй худалдааны хэлэлцээг зогсоох захирамж гаргажээ.

“Хэрвээ Туркийн удирдагчид аюултай, хор хөнөөлтэй үйлдлээ үргэлжлүүлсээр байвал тус улсын эдийн засгийг сүйрүүлэх арга хэмжээ авахад бэлэн болоод байна” гэж Трамп өчигдөр гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Өнгөрсөн онд АНУ-ын иргэн шашны номлогчийг суллуулахын тулд Вашингтон Туркийн гангийн импортод 50 хувийн татвар оноож байсан юм. Энэ шийтгэл Туркийн эдийн засагт ноцтой цохилт болж, үндэсний валют лирийнх нь ханш огцом унаж байжээ.

Иргэнээ суллуулсны дараа Трамп уг татварын хэмжээг 25 хувь болгон бууруулсан юм. Тэгвэл энэ удаа Сирид явуулж буй байлдааны ажиллагаатай нь холбогдуулан дахин 50 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Дональд Трамп хуучин холбоотон Курдын зэвсэгт бүлэглэлийг аюултай нөхцөл байдалд үлдээх шийдвэр гаргасан хэмээн дотооддоо шүүмжлүүлж байгаа.

Өчигдөр хоригийн талаар зарлахаасаа цагийн өмнө Трамп цэргээ Сириэс татах болсон шийдвэрээ хамгаалсан мэдэгдлийг твиттер хуудсандаа бичсэн байна. Тэрээр Сирийн Курдуудын асуудал одоо АНУ-д хамаагүй болсон гээд тэдэнд “Орос, Хятад, Наполеон Бонапарт” гээд ер нь хэн ч тусалж болно гэж бичжээ.

Турк улс Сирийн хилийн дотор талд 30 км гүн “аюулгүйн бүс” байгуулж, тэндээ өөрийнх нь нутагт байрлаж байгаа Сирийн 3.6 сая дүрвэгчийн зарим хэсгийг суурьшуулах зорилготой гэж байлдааны ажиллагаагаа тайлбарлаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт эхэлсэн ажиллагааны үр дүнд нийт 560 террористыг устгаад байгаагаа Туркийн батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ. Тус улс Курдын салан тусгаарлагчдыг террорист ангилалд оруулдаг.

Өөр нэг санаа зовоож буй асуудал нь Сирид явуулж буй Туркийн байлдааны ажиллагааны үр дүнд энэ бүс нутагт хоригдож байгаа Исламын улс бүлэглэлийн гишүүд суллагдах аюул юм.

Пентагоны тэргүүн Марк Эспер энэ талаар “АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс удаа дараа анхааруулсаар байсан ч Туркийн ерөнхийлөгч Эрдоган умард Сирийн нутагт эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулсны улмаас хүний амь олноор үрэгдэж, өргөн хүрээний сүйрэл, дүрвэлт, тогтворгүй байдал нүүрлэж байна. Үүнээс гадна Сирид Исламын улс бүлэглэлийг устгах олон үндэстний тэмцэлд хор учруулж, тус бүлэглэлийн хоригдож байгаа гишүүдэд оргох боломж олгож байна” гэж мэдэгджээ.

Өчигдөр Сирийн Курдууд Туркийн довтолгоог эсэргүүцэх тулаанд Сирийн засгийн газрын цэрэг оролцох болсныг зарласан. Ингэснээр Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад 2011 оноос хойш хяналтаа алдаад байсан томоохон газар нутагт засаглалаа сэргээх боломжтой болж байна.

Өчигдөр Сирийн төрийн төв хэвлэлд тус улсын цэрэг Туркийн хилийн ойролцоох Манбиж хотод хүрсэн талаар мэдээлжээ. Энэ хот Курдын зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters