Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхгүй

С.Заяа, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын ёс зүйн дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ гишүүн ажиллаж буй. Тэрбээр уг ажлыг С.Бямбацогт гишүүнээс хүлээж аваад удаагүй байгаа юм. Тус дэд хороо энэ парламентын үед хамгийн хангалтгүй ажиллаж буй. Товчхондоо, өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд маш цөөн удаа хуралдсан. Ёс зүйгээ зөрчсөн гишүүд хэдэн арваараа байхад асуудлыг нь хэлэлцээгүй “хав” дарсан билээ. Тэгвэл дэд хорооны албыг аваад удаагүй шинэ дарга Б.Бат-Эрдэнэ хатуу “гараар” үзэхээр шийджээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэж байсан. УИХ-ын чуулганаас дэмжлэг авч чадсан уу?

-Гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс ирэх лхагва гарагт манай дэд хороо хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдана. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Дэд хорооны бүрэлдэхүүнээс гарах гэж байгаа гурван гишүүн “Бидэнд ямар хамаа байх вэ гэж асуудалд бүү хандаарай” гэж би сануулж хэлсэн. Тэгэхээр дахин ирц бүрдэхгүй гэх асуудал үүсэхгүй, лхагва гарагт хуваарийнхаа дагуу хуралдчих байх гэсэн хүлээлттэй байна.

-Ирэх лхагва гарагийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн хөрөнгө, орлого шалтгаангүй өссөн талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Мөн ЖДҮХС-гаас зээл авч, нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-Зарим гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ. Хөрөнгө орлого нь хэт өссөн талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс шаардлага ирүүлсэн. Энэ дагуу холбогдох гурван гишүүнд тайлбар ирүүлэх бичиг манай дэд хорооноос явуулсан.

Гишүүдийн түрүүч нь тайлбараа ирүүлж байна. Дэд хорооноос гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, үүссэн асуудлыг шалгадаг. Энэ дагуу ирэх лхагва гарагийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна иргэний хөдөлгөөнийхөн шаардлага ирүүлэхдээ “Асуудалд холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа  нь хүчгүй болгож байна” гэсэн.

Манай дэд хорооны гишүүдтэй хэд хэдэн удаа уулзсан л даа. Гэтэл хууль дүрэм үзэхээр Ёс зүйн дэд хороо мөрдөн байцаах алба шиг ажиллах ямар ч боломжгүй юм билээ.

-Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйгүй үйлдлийг дэд хороогоор хэлэлцэх юу болсон бэ?

-Ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Тэд өөрсдөө хурлаа тасалдаг, хоцордог байх ёсгүй. Хурлын дэгийг хатуу мөрдөж, хөрөнгө орлогын хувьд ямар нэг асуудал гаргахгүй үлгэрлэмээр байна шүү дээ.

Зөвхөн 76 гишүүнд бус төрийн албаныханд үлгэр дуурайлал болох шаардлагыг би дэд хорооны гишүүддээ тавьж байгаа юм. Өмнө нь ёс зүйн дэд хороо ямар үүрэгтэй байсан талаар та бүхэн сайн мэдэхгүй байх.

-Өмнө нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн ёс зүйгүй үйлдлийг хэлэлцэх гээд ирц бүрдээгүй. Одоо хэлэлцэх үү?

-Би өнгөрсөн долдугаар сард энэ ажлыг авсан. Өмнө нь С.Бямбацогт гишүүн Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх гээд хэд хэдэн удаа хурал зарласан ч ирц бүрдээгүй юм билээ.

Асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж эхэлсэн учраас хуулиараа энэ асуудлыг одоо хэлэлцэх боломжгүй. Яагаад гэвэл, хууль хяналтынхан шалгаж эхэлсэн бол Ёс зүйн дэд хороо давхар хэлэлцдэггүй юм билээ.

Зураг