Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Агаарын чанарын станцууд нэмэлтээр өөр бодис хэмжих боломжгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN

Шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээллийг тухай бүрт нь холбогдох газрууд мэдээлж байхаар тогтсон. 

Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл өнөөдөр хийлээ. 

 

Энэ үеэр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Угаартан нас барсан хүмүүсийн гэрт нь байсан түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан.

Тухайн өдөр угаарын хийд өртсөн айл бүрийн нүүрснээс дээж авч шинжлээд Ашигт малтмал, уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлэхэд тухайн түлш сайжруулсан хатуу түлшний MNS 56792019 стандартын тендерийн шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Тиймээс өнөөдөр худалдаанд байгаа сайжруулсан түлш нь Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлагдсан орц нормын дагуу үйлдвэрлэгдэж, Стандарт хэмжил зүйн газраас батлагдсан стандартын хэмжээгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гарсан гэдгийг улсын байцаагч нар шинжилгээний дүнг үндэслэж, дүгнэлт гаргаад нийслэлийн Онцгой комисст хүргүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлш нь шаардлага хангасан бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт гарсан.

Түүнээс гадна зуух дэлбэрсэн тохиолдлын тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн урьдчилсан дүгнэлтээр зуухны даралт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн үед утаа буюу хийг гадагш агаарт автоматаар үлээлгэх, хамгаалах төхөөрөмж нь ажиллаагүй. Мөн зууханд хянах хэмжээ хэрэгсэл байхгүй. Хэт их даралт үүсэж байгааг мэдэх боломжгүйгээс дэлбэрэлт үүссэн гэж газар дээр нь очиж үзлэг хийсэн Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэсэн" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал "Нийслэл хотод орчны агаарын чанарыг хэмждэг 12 суурин станц байгаагаас гадна нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын станц бий.

Эдгээр станцаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тасралтгүй хэмжиж байдаг.

Гэхдээ станцууд агаарын чанарын стандартад заагдсан агаар дахь угаарын хий болох хүхэр, азотын ислүүд болон PM10, PM2.5 гэх мэт тоосонцорт л хэмжилт хийдэг. Тиймээс нэмэлтээр өөр төрлийн бодис хэмжих боломжгүй.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад агаарын чанарын үзүүлэлт харилцан адилгүй. Өнгөрсөн долоо хоногийг харьцуулахад агаар дахь үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд явж байна" гэв.