Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Боловсролын реформыг МАНЛАЙЛЪЯ!

Ч.Болортуяа
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол ТВ телевизийн Даваа гараг бүрийн 21 цагаас үзэгчдэд хүрч буй "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн энэ долоо хоногийн сэдэв "Боловсролын реформыг МАНЛАЙЛЪЯ!" байв. 

Боловсролын тухай багц хуулийг шинэчлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тэргүүтэй ажлын хэсэг байгуулагдан энэ өдрүүдэд ажиллаж байна. 

Тиймээс ч бид бүх нийтэд хамааралтай энэхүү чухал салбарын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Боловсролын салбарт шинэчлэл, өөрчлөлт, реформ шаардлагатай гэж үзэж буй хүмүүсийн төлөөллийг урьж хэлэлцүүлгээ хийлээ.

Ингээд "Боловсролын реформыг МАНЛАЙЛЪЯ!" хэлэлцүүлэгт ирсэн зочдын онцлох эшлэлийг хүргэе. 



Боловсролын системийн үндсэн зорилго бол бүтээмж өндөртэй иргэдийг бэлтгэх явдал юм 
 

Эдийн засагч Ө.Ганзориг:

Боловсролын системийн үндсэн зорилго бол бүтээмж өндөртэй иргэдийг бэлтгэх явдал юм.

Өнөөгийн боловсролын системийг төгсөөд ирж байгаа залуучууд компанид ирээд бүтээмж гаргаж чадахгүй байна.

Бүтээмж гэдэг бол хүний аз жаргал, амжилтыг илэрхийлэх гол хэмжүүр юм.

Манай боловсролын системд бүтээмжтэй хүн бэлтгэх ямар ч утга агуулга, зорилго чиглэл алга. Үүнийг боловсролын “Реформ” гэж би тодорхойлж байгаа юм.

Хууль маань өөрөө боловсролынхоо салбарын зорилгыг тодорхойлж чадалгүй 30 жил явжээ.

Боловсрол гэдэг бол дан ганц багшлах тухай асуудал биш. Боловсролыг багш нар, Боловсролын яам ч өмчлөх ёсгүй. Боловсрол бол эдийн засгийн асуудал, боловсрол бол эрх зүй, филисофийн асуудал.

Төрийн бодлогоор бол бүх сургуульд нэг л арга технологийг хэрэглэдэг. Хувийн сургууль бол бусад хувилбарыг өөрийн хөрөнгөөрөө туршиж үздэг.

Реформ гэдэг өөрчлөлт, шинэчлэлт гэсэн үг биш юм. Цогц өөрчлөлтийг хийж байж энэ нь реформ болно.

Боловсролын реформоор бид 600 гаруй өөрчлөлтийг хийх ёстой. Үүний нэг нь дижитал шилжилт юм.

Нээлттэй боловсрол гэдэг нь маш сайн хичээл заадаг багш нарын хичээлийг дижитал контент болгож Монголын бүх хүүхдэд түгээхийг хэлж байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

Би гүйцэтгэх захирлын ажлыг хийгээд 11 жил болж байна. Хувийн их дээд сургуулиуд та бүхэнд болон танай компанид хэрэгтэй байгаа судалгааг бид оюутнуудтайгаа нийлээд хийгээд өгье,  5 сая төгрөг өгчих гэх мэтээр ханддаг. Гэтэл улсын их сургуулиудын удирдлагууд нэг ч удаа над руу хандаж байгаагүй.

Тэд сургуулийн ректор хэн болох вэ? Боловсролын сайдтай хэн найз болж албан тушаалаа авч үлдэх вэ? Хэнийг тэнхимийн эрхлэгч болгох вэ? гэдэг зүйлээ л 30 жил хийлээ. Одоо ажлаа хийгээч.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд IT мэргэжил маш эрэлттэй байна 
 

“Спейшлайзд карьер консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Азбаяр:

Монгол Улсын Засгийн газар нийт төсвийнхөө 12-14 хувийг боловсролынхоо салбарт зарцуулдаг. Үүгээрээ дэлхийд 48-рт жагсдаг.

Сүүлийн 5 жилийн статистикаар ажилгүйдэл 90-130 мянгад хүрлээ.

Их, дээд сургууль төгсөөд гарч байгаа залуус буюу 20-24 насныхан нийт ажилгүйчүүдийн 20 орчим хувийг эзэлж байна.

Их дээд сургууль төгссөн ч ажилд орж чадахгүй байгаа залуусын 12 хувь нь мэргэжлээ буруу сонгосон, 13 хувь нь туршлага дутуу, 50 хувь нь ажил олдохгүй байна гэж хариулсан. Үүнийг би ажил дээр очоод ажлын шаардлагад тэнцэж чадахгүй байна гэж харж байна.

Манай компанийн хувьд гэхэд 130 гаруй ажлын байр бэлэн байна. Эдгээр ажлын байранд ажилгүй байгаа иргэдээс сонгоод оруулах гэхээр тохирох хүн олдохгүй байна.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд IT мэргэжил маш эрэлттэй байна. Манай компани дээр байгаа 130 ажлын байрны 62 хувь нь энэ чиглэлийн мэргэжилтэн хайж байна.

Залуучууд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд бакалаврт суралцах ёстой. Үүнийгээ төгсөөд магистрантурт суралцахдаа гадагшаа явж суралцах ёстой гэдэг зүйл программчлагдсан юм шиг тогтчихсон. Энэ хандлагыг өөрчлөх ёстой. Заавал гадаадад очиж сурснаараа тэр хүний карьер цаашид амжилттай байна гэсэн баталгаа байхгүй байна. Ажил дээр гараад сурч байгаа зүйл ширээний ард суугаад онолын мэдлэг судлахаас хэд дахин үнэтэй.

Боловсролын салбарын шинэчлэлийг хий гэвэл би хамгийн түрүүнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ
 

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал:

Манай улсад өнөөдрийн байдлаар боловсролын эрх зүйн харилцааг зохицуулж байгаа 7 багц хууль байна. 

Боловсролын асуудлаар бид туршлага судлах үүднээс 7 улсыг сонгон судалж байгаа. Үүнд: ОХУ, Канад, Финлянд, Япон, Сингапур, Швед, Солонгос гэсэн улс байна. Өөрөөр хэлбэл бид хөгжил өндөр улсыг сонгож, харьцуулж Боловсролын яаманд зөвлөмж хүргүүлж байна.

Боловсролын багц хуульд ирээдүйг харсан өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийх хэрэгтэй. Одоогийн манай хуулиудад тодорхой зорилт алга.

Бүх зүйлийг төрөөс санхүүжүүлдэг хуучны системийг зогсоох хэрэгтэй. Жишээ нь багшийн хөгжлийг төрөөс дэмжих тухай хуульд тусгадаг. Гэтэл бодит байдал дээр тухайн багш өөрөө өөрийнхөө зовлон, жаргалыг мэдэж байгаа учраас өөрөө л энэ зүйлд анхаарлаа хандуулах ёстой.

Боловсролын салбарын шинэчлэлийг хий гэвэл би хамгийн түрүүнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ. Боловсролын салбар төрөөс 100 хувь санхүүжиж буйг зогсоох хэрэгтэй.

дээд боловсрол эзэмшигчдийн тоогоор манай улс өндөр ч дээд боловсрол эзэмшсэн иргэдийн ур чадварын хувьд 140 орноос 120-д жагсаж байна
 

“Дээд боловсролын хөгжлийн академи”-ийн гүйцэтгэх захирал Г.Орхон:

Дээд боловсрол эзэмшиж байгаа хүний тоогоор Монгол Улс дэлхийн 130 орноос 29-рт жагсаж байгаа.

Харамсалтай нь дээд боловсрол эзэмшигчдийн тоогоор манай улс өндөр ч дээд боловсрол эзэмшсэн иргэдийн ур чадварын хувьд 140 орноос 120-д жагсаж байна.

Чанар муу байгаа нь зөвхөн боловсролын байгууллагуудын муу үйл ажиллагаатай холбоотой биш.

Эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг 6 хүчин зүйл байдаг.

  1. Хүний капитал

  2. Бүтээмж

  3. Инновац

  4. Нээлттэй зах зээл

  5. Орлогын тэгш хуваарилалт

  6. Засаглалын орчин

Эдгээр 6 хүчин зүйлийн эхний 3 нь боловсролын асуудалтай шууд холбоотой.

​Засаглалын тогтолцоо муутай орнуудад дээд боловсрол байгаад ч үр нөлөө үзүүлдэггүй.

Бид бүхэн системийн түвшинд бүх тогтолцоогоо зөв болгох ёстой.

Нээлттэй боловсрол хөгжиж байгаа энэ үед хаанаас ч сураад ур чадвараа хөгжүүлэх боломж нээлттэй болж байна.

Хувь хүний хэрэгцээнд тулгуурласан боловсролын хэрэгцээг хангахад дээд боловсролын байгууллагууд шинэчлэгдэх, өөрчлөгдөх шаардлагатай болж байна.

Суралцана гэдэг бол хүний эрх. Хүн насан туршдаа суралцах хэрэгтэй.



Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.