Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болтын эзэмшдэг амжилтуудын нэгийг Аллисон Феликс эвдлээ

О.Даваажаргал, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шинэ дээд амжилтыг Аллисон Феликс гэх эмэгтэй тамирчин эзэмших болов.
 
АНУ-ын ойрын зайн гүйгч Феликс 4х400 метрийн буухиа гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 дахь алтан медалиа авснаар ийнхүү Усайн Болтын рекордыг эвдэж, хөнгөн атлетикийн хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин боллоо.

Феликс дөрвөн удаагийн олимпын наадамд оролцож, медаль хүртсэний зургаа нь алт юм. Тэрбээр гаргасан амжилтынхаа талаар твиттертээ “Humbled” хэмээн энэ их хүндлэлийг даруухнаар хүлээн авч байгаагаа илэрхийлжээ. 

Феликсийн бас нэг том амжилт бол энэ удаагийн тэмцээн ээж болоод оролцсон анхных нь уралдаан байв. Харин үүнээс өмнөх аяллыг нь сонирхвол түүнд тийм ч амар байгаагүй. 

2018 оны арваннэгдүгээр сард тэрбээр жирэмсний хордлогоос болж охиноо 32 долоо хоногтойд нь кесар хагалгаагаар төрүүлжээ.

Арванхоёрдугаар сард нь энэ тухайгаа ESPN-д хуваалцахдаа жирэмсний дунд үедээ дэлхийн хэмжээний тамирчны дүр төрхөө хадгалж үлдэх гэж хичээж байснаа дурссан байдаг. Мөн гэр бүлийнхэн нь шаардлагатай хэмээн үзсэн учраас Нярайн эрчимт эмчилгээний тасагт үлдэхээр болсон үеийн сэтгэгдлээ ч ярьжээ.  

Энэ бүхний дараа тэрбээр төлөвлөгөөгөө орхихоос айж, бас итгэл үнэмшил тээж байсан талаараа "Хэрэв спортдоо эргэн иртэл өмнөх шигээ байж чадахгүй бол, тав дахь олимпдоо оролцож чадахгүй бол тэмцэнэ. Бүх чадлаа үүний төлөө зориулснаа өөртөө сануулна. Гэхдээ хэрэв хүссэнээр минь болохгүй бол сэтгэлээр унахгүй, зорьсныхоо төлөө л явах ёстой. Энэ л бидний хэн бэ гэдгийг илтгэнэ гэж бодсон" гэжээ.

Харин шинэхэн ээж маань одоо тав дахь олимпын наадамдаа оролцох эрхтэй болсон байна. Түүгээр зогсохгүй өнгөрсөн наймдугаар сард Nike компанийг ивээн тэтгэдэг тамирчдадаа зориулан жирэмсний урт хугацааны бодлоготой болох өөрчлөлтийг шаардсан томоохон хөдөлгөөнд нэгдэв.

Ийнхүү Алисия Монтано, Кара Гочер, Фиб Райт нарын эмэгтэй гүйгчдийн хамт Феликс тэмцсэний үр дүнд  Nike брэнд тамирчин ээжүүдэд зориулсан бодлогоо шинэчилж, өмнөхөөсөө хагас жилээр удаан хугацаанд буюу 18 сарын турш эмэгтэй тамирчдад жирэмсний үедээ санхүүгийн хувьд санаа зовохгүй байх боломж бүрдүүлжээ. 

Дэлхийн шинэ дээд амжилтын эзэн Аллисон Феликс Nike компанийг орхисон бөгөөд Athleta компанийн ивээн тэтгэж буй анхны тамирчин болсон талаар Gap, Inc компани мэдэгдэв. 

Түүний дараагийн амжилтыг "Токио-2020"-оос үзэх боломжтой болж байна.

 

Эх сурвалж: CNN

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.