Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Малын мах хүнсэнд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд аюулгүй гэж хэсэг эрдэмтэд дүгнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр дэлхийн ихэнх эрүүл мэндийн байгууллагууд улаан мах буюу малын махыг хүнсэнд хэрэглэх нь хорт хавдар, зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүүлдэг тул хэрэглээгээ аль болох багасгахыг хүмүүст зөвлөдөг.

Тэгвэл Даваа гарагт “Annals of Internal Medicine” сэтгүүлд дэлхийн долоон орны эрдэмтдээс бүрдсэн NutriSEC багийн судалгааны тайлан нийтлэгдсэн нь судлаачдын дунд маргаан дэгдээжээ.

Уг тайланд өгүүлснээр малын мах хүнсэнд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулдгийг нотлох хангалттай баримт байхгүй, хэрэглээгээ бууруулснаар ямар нэг эерэг үр дүн илрээгүй гэж дүгнэсэн байна.

Тодруулбал махны хэрэглээг нь багасгаж, долоо хоногт гурван өдөр махтай хоол зооглох хязгаар тогтооход хорт хавдраар нас барах хүмүүсийн тоо 1000 хүн тутамд дөнгөж долоогоор буурсныг баримтаар тогтоосон гэнэ. Энэ нь тийм их санаа зовоох статистик биш гэж эрдэмтэд дүгнэжээ.

“Хэдийгээр нотолгоо хангалтгүй байгаа ч махны хэрэглээг багасгаснаар хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эрсдлийг бууруулах нөлөө маш бага харагдаж байна. Махыг их, бага хэрэглэх нь тухайн хүний сонголт юм” хэмээн судалгааг ахалсан Канадын Дэлхаус их сургуулийн эпидемиологийн профессор Брэдли Жонстон ярьсан байна.

Уг судалгааны тайлан нийтлэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн Хорт Хавдар Судлалын Сан (World Cancer Research Fund) өөрийн зөвлөмжийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.

“Бид өөрсдийн 30 жилийн турш хийсэн судалгаандаа итгэлтэй байгаа тул зөвлөмжөө өөрчлөхгүй” гэж тус сангийн захирал Гиота Митроу мэдэгдсэн байна.

Мөн махны хэрэглээг багасгаж, ногоон хүнс түлхүү хэрэглэхийг зөвлөдөг олон судлаачид энэхүү дүгнэлтийг эрс шүүмжилцгээжээ.

Тухайлбал малын мах хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд хор багатай байж болох ч дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хэрэглээгээ хязгаарлах нь зайлшгүй гэж тэд үзэж байна.

 

Эх сурвалж: AFP