Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бүрэнбаатар: Монголын сэтгүүлчдийн онц их хурал зарлах үүднээс гарын үсэг цуглуулна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах талаар сэтгүүлч А.Бүрэнбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ “Би хувь сэтгүүлчийнхээ үүднээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Улс төрийн хүч, бүлэглэл миний ард байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Гурван сарын өмнө МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын бүх сэтгүүлчид худалдагдсан гэж хэлсэн. Монголын бүх сэтгүүлчдийг худалдагдсан гэж зарлачихаад үүнийхээ төлөө уучлалт гуйгаагүй.

МСНЭ гэх байгууллагыг энэ хүн дуртай үедээ больдог, дуртай үедээ орж ирж болдог мэт боддогтой нь сэтгүүлч хүний хувьд би эвлэрэхгүй. Мөн намайг бөгөөд сэтгүүлч та бүгдийг худалдагдсан гэдэгтэй санал нийлэхгүй байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн төлөө тэмцэнэ гэсэн мөртлөө уул уурхайтай л тэмцээд явж байна. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь сэтгүүлчийг муу муухайгаар доромжилдог боллоо. Сүүлдээ сэтгүүлч гээд хүнтэй танилцахаас ч ичиж байна. Хувь, хувьсгал хоёроо ялгадаг ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байна. Энэ салбарын нэр хүндийг өргөдөг хүн МСНЭ-ийг толгойлж, төлөөлөх ёстой.

Иймд унасан салбарынхаа нэр хүндийг аваръя. Цэвэр, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө хамтдаа явцгаая. Тиймээс Монголын сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулахыг санаачилж байна.

Өнөөдрөөс эхлэн Монголын сэтгүүлчдийн онц их хурал зарлах үүднээс гарын үсэг цуглуулах аян эхлүүлнэ. Үе үеийн ерөнхийлөгчид эрдэмтэн голдуу хүмүүс бодлого ярьдаг байсан. Ийм сүржин, уйлдаг, инээдэг, үсэрдэг, цовхчдог байгаагүй. Ёс зүйгээ мөрдлөг болгоод, хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөд хугацаанаасаа өмнө ажлаа өгчих” хэмээн ярилаа.