Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Террористуудыг устгах төлөвлөгөөтэй АНУ-ын дрон Афганистаны 30 энгийн иргэний амийг хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн байрлалд цохилт өгөх зорилготой АНУ-ын дрон самар хурааж байсан 30 энгийн иргэний амийг хөнөөжээ.

Лхагва гарагийн орой Афганийн зүүн Нангархар мужид гарсан энэхүү алдаатай довтолгооны улмаас өөр 40 орчим хүн шархдсан байна. Хэлмэгдсэн иргэд өдрийн турш талбайд ажиллаад орой нь амарч байжээ.

Афганистаны Батлан хамгаалах яам болон АНУ-ын албаныхан ийм эмгэнэлт явдал болсныг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Сонни Леггет “Манай зэвсэгт хүчин Нангархар муж дахь Исламын улс бүлэглэлийн террористуудад дроны цохилт зохион байгуулсан нь үнэн. Цохилтын үеэр энгийн хүмүүс амь үрэгдсэн тухай бид мэдэж байгаа бөгөөд баримтыг цуглуулахаар орон нутгийн албаныхантай хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Одоо Афганистанд АНУ-ын 14,000 цэрэг байрлаж, Афганийн Засгийн газрын цэргүүдэд сургалт, зөвлөгөө өгч, Исламын улс, Талибан бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа зохион байгуулдаг.

Самарны тариаланд нийт 150 орчим хүн ажиллаж байснаас зарим нь алагдаж, зарим нь сураггүй болсныг тус аж ахуйн эзэн Хайдар Хан хэвлэлд мэдээлжээ.

Тэд өдрийн ажлынхаа дараа таван майханд хуваагдан амарч байхад дрон довтолсон байна. Нангархар мужийн бухимдсан иргэд АНУ-ын засгийн газраас уучлалт гуйх, нөхөн олговор төлөхийг шаардаж байгаа гэнэ.

Саяхан АНУ-Талибаны хооронд хэлэлцэж байсан энхийн гэрээ бүтэлгүйтсэнээс хойш Афганистанд хэдэн зуун энгийн иргэн амиа алдаад байна.

2019 оны эхний хагаст энэ улсын 4,000 орчим энгийн иргэн амь үрэгдэж, шархдсан нь зөвхөн террорист халдлагатай холбоогүй, мөн АНУ-ын явуулсан байлдааны ажиллагаанд хэлмэгдсэн тухай НҮБ мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters