Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын ерөнхий сайд арьс өнгөөр ялгаварлагч байсандаа гэмшиж, уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Time сэтгүүл Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн 2001 онд нэгэн үдэшлэг дээр авхуулсан зургийг олж нийтэлсэн юм.

Тухайн үед 29 настай байсан ерөнхий сайд Уэст Грэй Академид багшилж байжээ. Зураг дээр тэр араб маягийн хувцас өмсөж, нүүрээ хараар будсан байв.

Нийтлэлийн дараа Трюдо энэхүү түүхэн зурагны учир шалтгааныг тайлбарлаж, олон нийтээс уучлал гуйжээ.

“Би хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж, уучлал гуйж байна. 2001 онд Ванкуверт багш байхдаа би шинэ жилийн үдэшлэгт Араб үлгэрийн сэдвээр оролцсон юм. Алладины хувцсыг өмсөж, нүүрээ будуулсан байв. Би ийм зүйл хийх ёсгүй байсан юм. Буруу гэдгийг би тухайн үед мэдэх ёстой байж” хэмээн тэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Трюдо ганц энэ удаа хар арьстнуудыг дуурайж байгаагүйгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр дунд сургуулийн урлагийн үзлэгт оролцохдоо Ямайкын ардын дуу дуулж, бас нүүрээ хараар будаж байжээ.

Жастин Трюдо ирэх сарын 21-нд болох парламентын сонгуульд бэлдэж байх цаг үетэй энэ үйл явдал давхцаж байна. Сүүлийн санал асуулгаар Трюдогийн либерал болон түүний гол өрсөлдөгч Эндрью Ширийн консерватив намууд тун ойрхон рэйтингтэй байгаа.

2015 онд ерөнхий сайд болсныхоо дараа Жастин Трюдо Канадын түүхэнд хамгийн залуу, олон үндэс угсаатнаас бүрдсэн засгийн газрын бүрэлдэхүүнийг байгуулж байв. Мөн тус улсын түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэй хүйсний тэгш харьцаатай сайд нарын танхимыг бүрдүүлсэн юм.

Трюдогийн засгийн газарт Канадад 20 жилийн өмнө цагаачилж ирсэн афган хүн, абориген гаралтай хоёр хүн, Энэтхэгийн сикх гаралтай гурван хүн сайдын албан тушаал хашдаг.

Ийм либерал үзэлтэйгээрээ алдаршсан ерөнхий сайдын гэнэн залуу насны гэрэл зураг ил болсон нь түүнийг багагүй тэвдүүлээд байна.

 

Эх сурвалж: The Guardian