Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны арми халдлага үйлдсэнийг батлах баримтуудыг Саудын Араб улс дэлгэн үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Саудын Арабын батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт болсон агаарын халдлагын нотлох баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлжээ.

Үүнд 18 ширхэг дрон, долоон ширхэг далавчит пуужинг ашигласан бөгөөд бүгд Ираны үйлдвэрийн зэвсэг болохыг тогтоосон байна.

Саудын Арабын өмнөд хөрш Йемений босогчид уг халдлагыг үйлдсэнээ зарлаад байгаа. Гэхдээ Саудын тал үүнийг няцааж, Иран улсын зүгээс буюу хойд талаас халдсан болохыг тогтоожээ.

Өчигдөр Саудын Арабт ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг үйлдлийг “дайн өдөөсөн хэрэг” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баримттай танилцсаныхаа дараа Ираны эсрэг хариу арга хэмжээ авах олон хувилбар яригдаж байгааг хэлсэн юм. Эдгээрийн дотроос хамгийн хүнд хувилбар нь Ираны эсрэг дайн эхлүүлэх гэж тэр мэдэгджээ.

Есдүгээр сарын 14-ний өглөө Саудын Арабын газрын тосны хоёр том байгууламжид агаараас халдаж, үйлдвэрлэлийн хэмжээг нь тал хувиар бууруулсан юм.

Дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болох Абкайкт 18 ширхэг дрон халдсан бол Абкайк болон Хурайсын газрын тос олборлох талбайд хоёуланд нь нийт долоон пуужин туссан байна.

Саудын Араб нь дэлхийн газрын тосны зах зээлийн 10 гаруй хувийг дангаар хангадаг. 

Дональд Трамп уг халдлагад Иран улсыг эхнээсээ буруутгаж байсан ч хүч хэрэглэхээс зайлсхийсэн өнгө аястай мэдэгдлүүдийг хийж байгаа. Тиймээс Вашингтоны засаг захиргаа ойрын үед Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нэмж хэрэгжүүлэх магадлалтай байна.

 

Эх сурвалж: BBC