Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

Г.Ган-Эрдэнэ, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зуун жилийн баталгаа гаргасан шинэ гүүр ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын мянга, мянган иргэд амьдралынхаа багагүй хугацааг замын түгжрэлд өнгөрүүлсэн хэвээр байна.

Иргэдийг “Машинаас татгалзъя, нийтийн тээврээрээ үйлчлүүлцгээе” гэж уриалаад ч нэмэр алга. Монгол Улсын авто машины тоо өдөрт 220-оор нэмэгдэж байгааг ГЕГ-ын статистик мэдээллээс харж болно.

Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар суудлын авто машины тоо 41,429-өөр нэмэгдсэн байдаг. Энэ тоо баримт бол иргэд нийтийн тээврээр бус хувийн машинаар зорчихыг илүүд үзэх болсны баталгаа юм. Энэ хандлага зөөлөвч нь урагдаж, төмөр нь ёрдойсон сандал, онгойхоо больсон цонх, нээж хаах бүрдээ гацах хаалга, халдваргүйжүүлэлт ариутгал хийгээгүй бохир бариул, хөлд хөглөрөх хог шороо зэрэг нийтийн тээврийн бохир орчин, тав тухгүй байдал, жолооч нарын соёлгүй харилцаатай шууд холбоотой.

Үүнээс гадна хүрэлцээгүй нийтийн тээврийг замын түгжрэлд хүлээж цөхөрсөн иргэд өндөр хүүтэй машин зээлээр авах нь олширчээ. Мэдээж хэрэг өөрийн унаагаар гэртээ эрт хэн харьж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ.

Тэр тусмаа аравхан буудал явах газар цаг хэртэй түгжирч, тав тухгүй нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдэд унаатай болох юу юунаас эрхэм хүсэл. Гэвч хөлтэй бүхэн машин унана гэвэл Улаанбаатар хотын түгжрэл хэзээ ч арилахгүй. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдлийн нэг бол нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх явдал юм.

Холбогдох байгууллагууд иргэдэд хүртээмжтэй, зөв шийдэл бүхий шинэчлэлтийг хийхгүй бол иргэдийн гомдол бухимдал туйлдаа хүрэх нь. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчит 18 аж ахуйн нэгж 95 чиглэлд 800 гаруй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Хэдий сонсоход олон мэт боловч нийслэлд суурьшсан 1.5 сая гаруй хүнд энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүйтэй адил юм.

Баянзүрх дүүргийн IX хороо, Шар хадны эцсийн автобусны буудлаас “Шар хад-Тэц 3”, “Гэмтлийн эмнэлэг-Шар хад”, “Шар хад—111, IV хороолол", “Шар хад-Зунжин” зэрэг дөрвөн чиглэлийн автобус явдаг.

Өглөөний 06:10 цагт найман автобус буудал дээр зогсож байв. Тэдгээрийг явж эхлэхийг тавь гаруй хүн хүлээн зогсоно.

Хуваарийн дагуу 06:30 цагт хөдлөх ёстой байсан автобус 06:43 цагт хөдлөх нь тэр.

Жолооч нар энэ хугацаанд нэг автобусандаа цугларч, буу халан инээлдэцгээнэ. Хаалга нээгдэх чимээгээр хүмүүс нэгнээ гишгэлэх нь холгүй чихэлдэж, 30 орчим зорчигч суув.

Эхний автобус хөдөлснөөс долоон минутын дараа тухайн чиглэлийн хоёр дахь автобус хүнээ суулгаж эхлэв. Автобус хоорондын хугацаа дунджаар 9-13 минут байдаг.

Хөдлөхдөө л суудал нь дүүрсэн автобус 16-р хорооллын буудал хүрэхэд хүн зөрөх зайгүй боллоо. Жолооч хэд хэдэн удаа “Нэгэндээ шаардлага тавиад хойшоо яваад байгаарай, хүмүүс багтахгүй байна. Бүгд л ажил, сургуульдаа яарч яваа” хэмээн хэлсэн боловч ихэнх нь чихэвч зүүсэн тул үл сонсоно. “Алив цаашаа яваач. Яасан муухай үнэртэй юм.

Чи намайг хулгайч гэж бодоо юу" гэх мэт үгс байсхийгээд сонсогдож, автобус хаана яваа нь ч үл мэдэгдэнэ. Иргэд ч хүлээлгэж, хүлээлгэж ирсэн автобусандаа цагаач, дүрвэгсэд мэт чихэлдэн орж буй харагдана. Нийслэлийн бүхий л автобусны буудлаас нийтлэг ийм л төрх анзаарагдаж, иргэн бүр бухимдаад байгаа учраас бид энэхүү сэдвийг хөндөж, нийтийн тээврийг хүрэлцээтэй болох санал дэвшүүлж байна.

Яг энэ асуудлаар НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас Нийтийн тээврийн төлөвлөлт, техник технологийн хүчин чадал ямар түвшинд байгааг тодруулахад “Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгж өглөөнөөс орой хүртэл бүхий л хүчин чадлаараа ажиллаж байна. Иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу Энхтайвны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар чиглэлд дөрвөн автобусыг шөнийн 01:30 цаг хүртэл явуулж байгаа.

Нэгдүгээр эгнээнд зорчих тээврийн хэрэгсэлд тавих хяналт суларснаар манай автобус бусад тээврийн хэрэгсэлтэй адилхан түгжрэлд гацах болсон.

Жишээ нь, хяналтын камерыг харахад Саппорогоос Таван шар хүртэлх бүх зам түгжирчихсэн, жар гаруй шугамын автобус таг гацчихсан байгаа юм. Түгжрэлтэй үед автобус 6-13 минутын хугацаатай явах боломж алдагддаг.

Хэрвээ нийтийн тээвэр түгжрэлд орохгүй байвал төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу ажил хэвийн явагдана. Яаралтай тохиолдолд бид нөөцөөс хоосон автобус гаргадаг” хэмээн ярилаа.

Автобус цагаасаа 10 минут хоцрох нь асуудал биш

Харин НТҮГ-ын орлогч дарга Д.Мөнхбаатар “Тухайн автобус баазаас гарахаас эхлэн манай байгууллага GPS-ээр хянадаг. Автобус еглөө цагтаа хөдлөхгүй байгаа нь зөрчил гэхээсээ илүү баазаасаа хөдлөхдөө цагаасаа хоцорч гарах мөн техникийн сааталтай холбоотой.

Ийм тохиолдол долоо хоногт 4-5 удаа гардаг бөгөөд шаардлагатай тохиолдолд нөөцөд байгаа автобусыг гаргадаг. Цагаасаа хоцрох тохиолдол нь өдөрт таваас хэтэрдэггүй. Тэдгээр нь хамгийн ихдээ 10-15 минут байдаг.

Тэр нь 10-15 минутын л хоцрогдолтой. Бид өглөө болгон шуурхай хуралдаж иргэдээс ирсэн санал гомдол болон дотоод хяналтын дагуу жолооч, тээврийн хэрэгслийн зөрчилд арга хэмжээ авч шийддэг'’ хэмээн ярилаа.

Иргэдийг тав, арван минут хүлээлгэх нь байж болох асуудал мэт ярих түүнээс лавшруулан хэд хэдэн асуулт асуусан боловч "Нарийн тоо баримт, мэдээ мэдээллийг өгөх боломжгүй. Яриа өгдөг хүн нь би биш” гэв.

Хотын соёлгүй нийслэлийн иргэд

Авто замын түгжрэл, нийтийн тээвэрт гардаг зөрчил дутагдал, хүндрэлтэй асуудалд Иргэдийн өөрийгөө бодсон аминчхан үзэл, тэвчээргүй зан, уур омог, ёс зүйгүй үйлдэл ч нөлөөтэй.

2015 оноос ашиглаж эхэлсэн “Смарт” картыг одоо хүртэл худалдаж аваагүй хүн олон байна. Албаны хүмүүс “Смарт” карт борлуулах, цэнэглэх цэгүүд алслагдсан гэр хороолол гэлтгүй хангалттай байгааг хэлж байлаа.

Цоо эрүүл хүн хөнгөлөлттэй зорчигчийн картаар зорчих тохиолдол ч гардаг гэнэ.

“Зүүн салаа” чиглэлийн жолооч “Б.Г” ярихдаа “Зорчигчид Смарт картаар үйлчлүүлэхгүй байх тохиолдол өдөр болгон гардаг.

НТҮГ-аас хийгдэж байгаа хяналт шалгалтын үеэр ийм зөрчил илэрвэл тухайн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгодог. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн карт худалдаж аваагүй, картаар үйлчлүүлээгүйн төлөө бид хариуцлага хүлээж байна.

Хэрвээ иргэд хууль журмынхаа дагуу нийтийн тээврээр үйлчлүүлбэл аль, аль талдаа хүндрэл гарахгүй. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн харилцаа, хандлага бүр дордсон” хэмээн ярьсан юм.

Өдөр бүр тохиолдох хэрүүл шуугианаас залхаж гэр хүртлээ алхахыг илүүд үзэх болсон иргэддээ метротой болох  үлгэр ярьснаас нийтийн тээврийн тоог нэмбэл яасан юм бэ, эрхэм дарга нар аа.

Мөн Офицеруудын ордноос Таван шар хүртэлх зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус зэргийг зорчуулахаар заасан захирамжаа эргэн нэг харж, хэрэгжилтэд нь анхаарал хандуулаач ээ.

Зураг