2019/11/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.33₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
03:00
S20
-11°
04:00
S20
-12°
05:00
S20
-13°
06:00
S20
-14°
07:00
S20
-14°
08:00
S26
-15°
09:00
S26
-15°
10:00
S30
-15°
11:00
S30
-14°
12:00
S30
-14°
13:00
S30
-14°
14:00
S30
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мандухай: Хар тамхины наймаа бол хувиа хичээсэн хүмүүсийн улс үндэстнийхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг

Өдрийн сонин
2019 оны 9 сарын 11
Өдрийн сонин

-Хар тамхи хэрэглэсэн хүүхдийн нойр, хоолны дуршил өөрчлөгдөж, биеийн жин шалтгаангүй хасагдаж, царай төрхөөр идээт үрэвсэл их гардаг-

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.

-Хар тамхитай тэмцэх газраас нэг шөнийн дотор хоёр цэнгээний газарт л шалгалт явуулахад 24 иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Яагаад хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна вэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 181 хэрэгт 319 иргэн холбогдож шалгагдаад байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт харагдаж байна.

Ер нь жил ирэх тусам л энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байна л даа. Хэд хэдэн шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байна. Нэгдүгээрт хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар ойлголт муу, өөрийн бие махбод эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар мэдлэггүйгээс болж энэ төрлийн бодисын хэрэглээ олширсон байна.

Хоёрдугаарт, цагдаа, гааль зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагаа энэ чиглэлд илүү эрчимжиж байгаатай ч холбож үзэж болох юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхийн тулд Цагдаагийн байгууллага, Хил, Гааль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд нягт уялдаа холбоотой хамтарч ажиллаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Гэвч хамгийн чухал зүйл бол “Хар тамхи таныг үхэл, эсвэл шоронд л хүргэнэ" гэдгийг залуучууд ухамсарлах хэрэгтэй байна. Хар тамхи хэрэглээд, донтогч болоод энэ зүйлд урвуу татагдаад сайн сайхан яваа жишээ огт байдаггүй шүү дээ, бүгд л нэг бол нас барж, нэг бол шоронд орж, эрэмдэг зэрэмдэг болж эмнэлгийн орон дээр нүд аньдаг талаар хүмүүс сонсож л байсан байх.

Тийм учир хар тамхины хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар дэлгэрэнгүй, үнэн зөв ойлголттой, бусдын нөлөөнд автдаггүй, эрүүл, зөв амьдралын хэвшилтэй хүн энэ хорт бодисоос холуур явж чадна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик мэдээллээс харахад өсвөр насныхан, залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт ихээхэн холбогдож байна. Нийт шалгагдаж байгаа хүмүүсийн 90 орчим хувийг 18-35 насны хүмүүс эзэлж байна.

Шалтгаан нөхцөлийг судлахад өсвөр насны хүүхэд залуучууд бусдыгаа даган дуурайж, найз нөхдийн хүрээлэл дунд гадуурхагдахаас эмээж, зугаа цэнгэлийн үед сэтгэл хөдлөлдөө автаж, нэг нь нөгөөгөө ятгаж хамгийн анх хар тамхи хэрэглэсэн байгаа юм. Энэ бүгдээс харахад монголчууд бид үр хүүхдээ өөрийн гэсэн амьдралын зөв үзэл бодолтой, зорилготой буруу, хууль бус зүйлд үгүй гэж хэлж чаддаг хүн болгож төлөвшүүлэх нь чухал гэдэг нь энэ жишээнээс харагдаж байна.

Яг одоо таны хүүхдэд хэн нэгэн ямар нэгэн төрлийн хар тамхи санал болгоход үгүй гэж зоригтой хэлээд, буруу хараад алхаж чадах болов уу.

-Манайд энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого нь ямар байдаг юм бэ. Урд хөршид цаазаар авдаг бол ОХУ-д бүх насаар хорих ялтай байдаг шүү дээ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэж үзэн шалган шийдвэрлэдэг.

Гэмт хэргийн шинжээс шалтгаалан зорчих эрхийг хязгаарлах болон 1-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс хорих ял шийтгэгдэж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг. Нэг жил хоригдсон ч, арван жил хоригдсон ч тухайн хүн өөрийн хамгийн үнэт зүйл болох эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулна гэсэн үг. Тийм учир эрх чөлөөгөө хязгаарлуулан аливаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэнэ гэдэг нь хүний амьдралд учирч болох хамгийн том хар толбо байх ёстой.

Монгол залуус маань үүнийг л ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Хэзээ ч бусдад мэдэгдэхгүй юм шиг, хэзээ ч хууль хяналтын байгууллагад баригдахгүй юм шиг л бодож явдаг. Нэг л өдөр гарт нь гав зүүгдэж, шүүгчийн захирамж уншигдана гэдгийг ухаарахгүй юм даа.

-“Xар тамхи бол баячуудын хэрэглээ” гэсэн ойлголт манайханд байдаг. Хар тамхины хэрэглээ хавтгайрсан нь та бүхний гүйцэтгэх ажиллагаанаас харагдлаа. Энэ төрлийн бизнес эрхлэгчид амьжиргааны түвшин дундаж иргэдийг овоо хараандаа авчихав уу?

-Хар тамхины төрлийн бодисууд харилцан адилгүй үнэ, ханштай байдаг. Мэдээж тэр бол хар зах зээлийн үнэ ханш. Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдэд судалгаа хийж үзэхэд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хар тамхи бол баячуудын хэрэглээ гэсэн ойлголт ард хоцорсон.

Энэ жил бүртгэгдсэн нийт холбогдогч нарын 62 орчим хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна. Хар тамхины наймааг бизнес гэж хэлж болохгүй, аливаа бизнес нийгэм, олон түмэнд тодорхой үр өгөөжтэй, ач тусаа өгдөг байх ёстой гэж боддог. Хар тамхины наймаа бол амин хувиа хичээсэн хүмүүсийн улс үндэстнийхээ эсрэг явуулж буй үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй.

Нэг юм хэлэхэд энэ төрлийн гэмт хэргийг хэн нэгнээр хүчээр үйлдүүлсэн, айлган сүрдүүлэн хар тамхи заруулсан, хэрэглүүлсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Бүгд л хийж байгаа хууль бус үйлдлээ ойлгож, мэдэж, хүсэж үйлдсэн байдаг юм.

-Хэдэн сая төгрөгийн үнэтэй мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг ажил хөдөлмөр эрхэлдэггүй нөхдүүд ямар арга замаар олж авдаг юм бол?

-Янз бүрийн л арга замаар хэрэглэж байна. Ихэвчлэн найз нөхдийн хүрээнд анхны удаа энэ төрлийн бодисыг хэрэглэж үзэж байна. Зарим тохиолдолд тухайн хүн мансууруулах эм. сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтийн нэг хэсэг нь өөрөө болж гэмт хэрэгт хамтран оролцоод, тухайн бодисоо олж авч хэрэглэх тохиолдол ч гарч байна. Хар тамхины хэрэглээнээс болж, донтогч, гэмт хэрэгтэн болж, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч, утга учиргүй амьдралаар амьдарч эхэлж байна гэсэн үг.

-Хар тамхи үндэстнийг мөхөөдөг аюултай зүйл. Манайд өнөөдөр тэдэн хүн хэрэглэж байна гэсэн тоо, судалгаа байдаг уу?

-.Мансуурах донтой иргэдийн талаар төрийн бус байгууллагын албан бус судалгаа байдаг. Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй хүмүүсийг бүртгэж, судалгаа хийж байна.

Цаашид улам нарийн тандалт судалгаа хийж, албан ёсны тоо баримтыг гаргахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

-Өсвөр насны хүүхдүүд хүрээллээс хамаараад хар тамхины хэрэглэгч болж байгаа талаар та яриандаа дурдсан. Хэрэглэсэн хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй байна. Гадуур хаагуур тэнээд байна, хичээлээ хийсэн үү, тамхи татаад байгаа юм биш биз дээ гэж ууртай ширүүн хэдэн үг хэлснээрээ хүүхдэдээ хараа хяналт тавьж байна гэж бодож байвал эндүүрэл. Ялангуяа өсвөр насны үр хүүхэдтэйгээ нээлттэй чөлөөтэй ярилцаж, шүүмжлэлгүй үзэл бодлыг нь сонсож, зөв зүгт нь залах хэрэгтэй байна.

Миний хүүхэд ямар хүн болж төлөвшиж байна вэ гэдгийг дотроос нь нэг харах хэрэгтэй. Хүүхэд бүр гаднаа харагдаж байгаа шигээ байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан ааш, амьдралын хэв маягт гарч байгаа өөрчлөлтүүдийг сайн анзаарах нь чухал. Нойр хоолны дуршил өөрчлөгдөх, биеийн жин шалтгаангүй хасагдах, царай төрхөөр идээт үрэвсэл их гарч, эдгэхгүй байх зэрэг гадна шинж тэмдгүүд илэрч болно.

Гэвч хамгийн том шинж тэмдэг зан авирт гарна, нэг бол гэнэт их нээлттэй сэргэлэн цовоо байх, эсвэл эсрэгээрээ гутранги үг дуу цөөнтэй болох ч тохиолдол байдаг. Мөн үр хүүхдээ ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй шүү эцэг эхчүүд ээ.

Үр хүүхдийнхээ сайн найз нь байж чадвал аливаа гэмт хэрэг, эрсдэлээс үр хүүхдээ хол байлгаж чадна.

-Хар тамхи хэрэглэснийг тогтоодог тестийг гадуур худалдаалдаг уу. Үнэ ханш нь ямар байдаг вэ?

-Энэ талаар манай байгууллагын зүгээс удахгүй албан ёсоор мэдэгдэх болно.

-Хар тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Хар тамхитай тэмцэх газраас шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал, бид шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалт явуулж байна. Үр дүнд нь шинэ хэрэглэгч нарыг илрүүлж, хүүхэд залуучуудад сэрэмжлүүлэг өгч байгаа.

Мөн цахим хуудсаараа дамжуулан хүүхэд залуучууд, эцэг эхчүүд гээд зорилтот бүлэг рүү чиглэсэн мэдээ мэдээлэл, ойлголт өгөх ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч нарт хар тамхины хор уршгийн талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байна.

Дан ганц нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт ч цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлэг рүү чиглүүлэн зохион байгуулж байна.

-Манайд үйл ажиллагаа явуулдаг кино театр, видео сангуудад мансууруулах бодисыг сурталчилсан бүтээл цөөн тоогоор байдаг. Энэ иргэдэд сэдэл төрүүлэх тохиолдол байдаг шүү дээ. Эдгээр байгууллагуудтай хамтарч ажилладаг уу?

-Цагдаагийн байгууллагаас телевизүүд, кино театрууд, видео сан гээд нийт 53 байгууллагад албан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд “Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль"-д заасны дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой кино, контентыг олон нийтэд түгээхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэхгүй байх тухай зааж, хэрэв энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлсэн агуулга бүхий кино, нийтлэл видео сан, сайтад нь байгаа тохиолдолд устгах, олон нийтэд хүргэхгүй байх арга хэмжээ авахыг мэдэгдсэн.

Үр дүнд нь хоёр кино театр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг сурталчилсан хоёр киног олон нийтэд хүргэхээ зогсоож, нэг кабелийн суваг хар тамхины хэрэглээг харуулсан киногоо видео сангаас хассан байгаа.

x