Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Лагийг бордоошуулан уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглаж болно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь лаг боловсруулах технологи дамжлагагүйн улмаас хоногт 1,000-1,200 шоо метр лагийг ил задгай талбайд хатааж, хот орчмын агаарыг бохирдуулан иргэдийн ажиллаж, амьдрах тав тухыг алдагдуулсаар олон жил явж ирсэн. 

Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолыг батлуулж, Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан болон өдөр тутамд гардаг лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэн боловсруулах ажлыг эхлүүлсэн юм.  

Ажлын хүрээнд лагийг боловсруулж бордоо гаргахаар ажиллаж буй “Эко Тайхи” ХХК-ийн үйл явцтай Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар танилцлаа.

Энэ хугацаанд цэвэрлэх байгууламжаас өдөр тутам гарч байгаа 44 ширхэг карт доторх 241 мянган шоо метр лагийг үнэргүйжүүлж, бордоо, хөрс болгон боловсруулах ажил хийгджээ.

"Эко Тайхи" ХХК-ийн чанарын менежер О.Баясгалан "Бид лагийг үнэргүйжүүлээд бордоошуулсны дараа үнэр, аюулгүй байдал болон бордоолог чанар, хүнд металлуудын шинжилгээ хийлгэж, бордоолог шинж чанарын үзүүлэлтийг үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөх талаар 2018 оноос хойш туршилт хийсэн.

Лаг нь органик бодисын агууламж, азот, фосфорын агууламж нэлээд өндөр байгаа учраас бид бордоог ургамлын өсөлт хөгжилт дээр туршсан.

Бордооны хоргүй чанар буюу нийгэм дэх аюулгүй байдлын үзүүлэлтийг нь тодорхойлуулахын тулд хүнсний ногоог ч үрээр тариалсан. 

Гэхдээ хүнсний ногоог ашиглана гэсэн үг биш бөгөөд зөвхөн хоргүй чанарыг нь лабораториор шинжлүүлэхийн тулд туршсан гэдгийг онцолмоор байна.

МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторт өгсөн шинжилгээгээр лагийн бордоог хогийн цэг болон уул уурхайн орчмын шим тэжээлгүй болсон газрын хөрсийг нөхөн сэргээх байдлаар хэрэглэхээс гадна цэцэрлэгжүүлэлтэд ашиглахад нийгэмд ямар нэг аюулгүй гэдэг нь батлагдсан" гэлээ.

"Эко Тайхи" ХХК нь одоогийн байдлаар лагийг боловсруулж гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөлд, тасалгааны 50 орчим цэцэг, мод, жимс болон буудай гэх мэтэд туршиж, судалгаа явуулж байгаа аж. 

Лагийн бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг бөгөөд ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тэд үзэж байгаа юм.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нэг га газарт 700 ширхэг мод тарихад лагаас гарган авсан бордоог ашигласан байна.

Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, арчлан тордоход зориулан жилд 15,000-20,000 шоо метр хар шороон хөрсийг хотын ойр орчмоос зөөвөрлөн хэрэглэж байгаа бөгөөд хотын ногоон бүсээс хар шороон хөрс олборлох нөөцгүй болсон талаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд анхааруулсаар байгаа юм.

Иймд дээрх хэрэгцээг лагийг боловсруулан гарган авсан бордоо, хар шороон хөрсөөр орлуулан хангах боломж бүрдэж байгаа бөгөөд дараах зориулалтаар ашиглахад тохиромжтой аж.

Үүнд:

  • Уул уурхайн нөхөн сэргээлт, 
  • Хөрсний доройтлыг арилгах, 
  • Хотын ногоон байгууламжид ашиглах, 
  • Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах, 
  • Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах, 
  • Хар шороон хөрсийг орлуулах, 
  • Цахилгаан станцуудын үнсэн санг хучих, хог хаягдлыг булахад хучих зэргээр ашиглах боломжтой.