Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-д хүндэтгэлгүй хандсан Данийн ерөнхий сайдыг хурцаар шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гринланд арлыг худалдаж авах тухай санааг нь үл тоосон Данийн ерөнхий сайдыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хурцаар шүүмжилжээ.

Тэрээр өчигдөр Цагаан ордны гадна сэтгүүлчидтэй уулзахдаа “Ерөнхий сайд миний санааг ‘утга учиргүй зүйл’ гэж нэрлэсэн нь бүдүүлэг явдал. Энэ бол зохимжгүй мэдэгдэл гэж би бодож байна. Тэр зүгээр л ‘Үгүй ээ, бид сонирхохгүй байна’ гэж хэлэхэд л хангалттай байсан” хэмээн ярьсан байна.

Трамп цааш нь хэлэхдээ “Тэр надтай яриагүй. Тэр Америкийн Нэгдсэн Улстай ярьж байгаагаа ойлгох ёстой. Намайг байгаа цагт АНУ-тай ийм өнгөөр харьцахгүй шүү!” гэж ярьжээ.

Өнгөрсөн Ням гарагт Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өөрийнх нь улсын захиргаанд байдаг Гринланд арлыг АНУ худалдаж авах тухай санааг “учир утгагүй зүйл” гэж нэрлэсэн юм.

“Гринландыг худалдахгүй. Гринланд бол Даничуудын өмч биш. Гринланд бол Гринландчуудын мэдэх зүйл. Ийм яриа дахин гарахгүй гэдэгт би их найдаж байна” гэж тэр хэвлэлд ярьжээ.

Энэ мэдэгдлийн дараа Дональд Трамп есдүгээр сарын 2-нд Дани улсад хийх байсан айлчлалаа цуцалсан юм. Тэрээр Данийн ерөнхий сайд Гринландыг наймаалцах талаар ярих хүсэлгүй гэсэн тул айлчлалаа цуцалж байгааг тайлбарлаж байв.

Трампын мэдэгдлийн дараа Фредериксен хэвлэлийн хурал дээр “Урилга хүчинтэй хэвээр байгаа, Америкчуудтай хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: Politico