ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын анхны мөнгөн медалийг "Сант" сургуулийн сурагч А.Нямдаваа авчирлаа
Азербейжан улсын Баку хотноо энэ сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "IOI 2019" олон улсын мэдээлэл зүйн 31 дэх олимпиадаас Монгол Улс анх удаа мөнгөн медаль хүртлээ.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн дөрвөн сурагч оролцсон бөгөөд Сант сургуулийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртэв.
"IOI 2019" олон улсын мэдээлэл зүйн олимпиадад энэ жил 88 улсын нийт 321 сурагч оролцсон аж.
А.Нямдаваа: Дахин хоёр жил оролцох боломж байгаа учраас алтан медаль авахын төлөө илүү их хичээнэ
Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Нямдаваа "Би хоёр дахь жилдээ тус олимпиадад оролцлоо. Өнгөрсөн жил би мэдээлэл зүйн улсын олимпиадаас алтан медаль хүртсэн ч олон улсын тэмцээнд байр эзэлж чадаагүй.
Харин энэ жил олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэндээ туйлын баяртай байна.
Өрсөлдөөн маш ширүүн болж өнгөрлөө. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь ОХУ, АНУ болон БНХАУ-ын тамирчин байсан.
Дахин хоёр жил энэхүү олимпиадад оролцох боломж надад байгаа учраас үлдсэн хугацаандаа алтан медаль авахын төлөө илүү их хичээх болно.
Мэдээлэл технологийн салбар асар хурдацтай хөгжиж байгаа учраас цаашид энэ чиглэлээр суралцана гэж боддог. Намайг ийм амжилт гаргахад бэлдэж, тусалсан нийт сургуулийн хамт олон болон багш, дасгалжуулагчдаа талархлаа илэрхийлье" гэв.
"Хүүхдүүд мэдээлэл технологийн чиглэлээр сайн суралцвал дэлхийн томоохон компаниудад ажиллах боломж нь нээлттэй"
ШУТИС-ийн мэдээлэл технологийн сургуулийн дэд профессор А.Хүдэр "Дэлхийн 88 орны 321 сурагчаас Монгол Улсын сурагч мөнгөн медаль авч чадсан нь манай хүүхдүүдийн чадвар жилээс жилд дээшилж байгааг илтгэж байна.
Бид анх мэдээлэл зүйн чиглэлээр олон улсын түвшинд гарахыг зорилгоо болгож байлаа. Энэ жилийн олон улсын олимпиадад манай сурагч амжилттай оролцож ОХУ-ын дараа буюу мөнгөн медаль хүртсэн. Энэ нь манай улс бусад улстай эн зэрэгцсэнийг харуулж байна.
Хүүхдүүд мэдээлэл технологийн чиглэлээр хичээллэвэл маш богино хугацаанд олон улсад амжилт гаргах боломжтой гэдэг нь энэ мэт маш олон жишээгээр харагдаж байгаа юм.
Ер нь энэ чиглэлээр суралцаж амжилт гаргасан сурагчдыг дэлхийн томоохон их сургуулиуд урилгаар элсүүлдэг. Мөн хүүхдүүд сайн суралцвал дэлхийн томоохон компаниудад ч ажиллах боломж нь нээлттэй байдаг.
Тухайлбал, 2006 онд олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн н.Батбаатар гэдэг сурагч одоо Мicrosoft компанид ажиллаж байна.
Б.Хүлэгү: Өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа
11 дүгээр сургуулийн төгсөгч Б.Хүлэгү "Би өмнө нь энэ чиглэлээр олон олимпиадад оролцож байсан ч энэ жил анх удаа олон улсын чанартай тэмцээнд оролцлоо.
Улс бүрээс шилдэг гэсэн хүүхдүүд оролцдог болохоор өрсөлдөөн үнэхээр ширүүн байсан. Олимпиадын эхний өдөр гурван цагийн дотор бодлогоо дуусгах ёстой гэдгээс эхлээд маш хүнд сорилтууд ирсэн.
Би өнгөрсөн хавар ахлах сургуулиа төгссөн. Мэдээлэл технологийн салбар ирээдүйтэй гэж боддог болохоор энэ чиглэлээр дагнан суралцахаар шийдсэн" гэсэн юм.
Э.Төрбат: Монгол Улсаа төлөөлөн олон улсын олимпиадад оролцсондоо их баяртай байна
"Эрхэт эрдэм" сургуулийн төгсөгч Э.Төрбат "Би сүүлийн хоёр жил мэдээлэл технологийн чиглэлээр шаргуу хичээллэсэн. Өнгөрсөн жил тааруу байсан ч энэ жил олон улсад шалгарч Монгол Улсаа төлөөлөн оролцсондоо их баяртай байна. Энэ удаагийн тэмцээнд өөрөө амжилт гаргаж чадаагүй ч манай улсын сурагч мөнгөн медаль авч чадсан учраас бахархаж байна" гэв.
Тус олимпиадад оролцсон хүүхдүүд өчигдөр эх орондоо ирлээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










