Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Кеннедийн удмын бас нэг хүн золгүй тохиолдлоор нас барлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн төрсөн дүү Роберт Кеннедийн ач охин өчигдөр эмнэлэгт нас барсан тухай Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

22 настай Сирша Кеннеди Хилл мансууруулах бодисын тун хэтрүүлж, эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан байна. Эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө тэр Массачусетсын Хианнис Порт дахь 91 настай эмээ Этел Кеннедийн гэрт байжээ.

Сирша бол Роберт болон Этел Кеннеди нарын 11 хүүхдийн тав дахь нь болох Куртни Кеннеди Хиллийн ганц хүүхэд байсан юм.

Сирша Кеннеди Хилл нь Бостоны Коллежийн оюутан, Ардчилсан Намын оюутны байгууллагын дэд ерөнхийлөгч байжээ. Хэдэн жилийн өмнөөс түүнийг сэтгэцийн өвчнөөр шаналж байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Түүний өвөө Роберт Кеннеди нь Нью Йоркийн сенатор байсан бөгөөд 1968 онд Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Калифорни мужаас шалгараад байхдаа бусдад буудуулж амиа алдсан юм.

Роберт Кеннедийн хоёр хүү Дэвид, Майкл нар 1984, 1997 онуудад 28, 39 настайдаа тус тус мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдаж байв.

Мөн Робертын ах Жон Кеннеди АНУ-ын ерөнхийлөгч байхдаа 1963 онд Далласт буудуулж амиа алдсан билээ. Жон Кеннедийн хүү бага Жон Кеннеди 1999 онд эхнэр, бэрийн хамт онгоцны ослоор амь үрэгдэж байжээ.

Роберт Кеннедийн дүү сенатор асан Эдвард Кеннеди 1969 онд автомашин жолоодож яваад осолдож, хамт явсан хүн нь амиа алдсанаар АНУ-ын ерөнхийлөгч болох мөрөөдөл нь талаар болж байв.

Ийнхүү Америкийн улс төрд нөлөө бүхий Кеннедийн удмынханд золгүй явдлууд үргэлжлэн тохиолдсоор байна.

 

Эх сурвалж: Reuters