Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани хөдөлгөөн мэдрэгч радарын технологийг гар утсанд нэвтрүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Google компани ирэх аравдугаар сард худалдаанд гаргах Pixel 4 ухаалаг гар утсандаа нэвтрүүлэх гэж байгаа шинэ технологийн тухай мэдээлжээ.

Pixel бол тус компанийн шинэ технологиудыг зах зээлд танилцуулах зорилгоор цөөн тоотой үйлдвэрлэдэг жишиг бүтээгдэхүүн юм.

“Ambient computing” ангилалд багтах хөдөлгөөн мэдрэгч радарын технологио Google компани “Soli” гэж нэрлэжээ.

Үүний тусламжтайгаар хүмүүс гар утсандаа хүрэлгүйгээр удирдах боломж нээгдэх гэнэ. Өөрөөр хэлбэл хөгжим зогсоох, үргэлжлүүлэх, солих, сэрүүлэг унтраах, утасны дууг хаах зэрэг үйлдлийг гараараа даллах төдийд гүйцэтгэх юм байна.

Мөн Soli технологийн тусламжтайгаар царайгаар таниж гар утсанд нэвтрэх аргыг илүү боловсронгуй болгожээ. Apple-ийн FaceID технологийг хэрэглэхэд хүн заавал гар утас руугаа хараад нээх үйлдлийг гүйцэтгэх (swipe up) хэрэгтэй болдог.

Харин Pixel 4-ийн хувьд хөдөлгөөн мэдрэгч нь хүний гар утас руугаа хандаж байгаа үйлдлийг автоматаар мэдрээд царай таних үйлдлийг түрүүлж гүйцэтгэх юм байна.

Нэг үгээр хэлбэл хүнийг гар утсаа авахад л илүү үйлдэл шаардахгүйгээр нээгдэнэ. Ингэхдээ царай таних үйлдлийг гар утасны хаанаас ч хийж чадах гэнэ. Бүр дэлгэц нь доош харсан байхад ч эзнийхээ царайг таних ажээ.

“Soli” технологийг нэвтрүүлсний нэг сул тал нь Pixel 4 гар утасны дэлгэцийн дээд хэсэгт хөдөлгөөн мэдрэгч суурилуулах зорилгоор томоохон хүрээ үлдээх юм байна. Энэ нь гар утасны нүүр хэсгийг бүхэлд нь дэлгэц болгох сүүлийн үеийн чиг хандлагын эсрэг шийдэл болж байна.

 

Хэрэглэгчийн царайг таних мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй, зөвхөн гар утсанд хадгална гэдгийг Google компани амлажээ.

 

Эх сурвалж: Tech Insider