2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
09:00
S30
14°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S26
22°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сайнхишиг: Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулах шаардлага, үндэслэл бий

ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг

Хуульч, судлаач Ж.Сайнхишигтэй ярилцлаа. 

- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх зорилготой заалт оруулжээ. Энэ төсөлд Та ямар байр суурьтай байна?

-Юун түрүүнд Монголбанкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар зохицуулах шаардлага үүссэн үү, үгүй юу гэдгийг тодорхойлох шаардлагатай байх. Төв банкны хараат бус байдлын хууль зүйн баталгааг аваад үзвэл хэд хэдэн асуудал байгаа. 

Нэгд, төв банкны үндсэн зорилт нь юу юм бэ, үнийн тогтвортой байдлыг хангах чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх гэж үздэг. Гэтэл манайд УИХ-ын даалгасан ажлыг гүйцэтгэх тал руу заримдаа явдаг гэж шүүмжилдэг. УИХ-аас томилогддог учраас хууль тогтоох байгууллага тогтоол шийдвэр гаргаад ирэхээр тэрийг нь биелүүлэхээс өөр аргагүй болдог болов уу. Тэгэхээр энд ямар ажил хийхийг нь зааглаж өгөхгүй бол янз бүрийн ажил хийдэг байгууллага болох вий, тэр нь эргээд мөнгөний үнэ цэнэд нөлөөлөх вий гэдэг асуудал байгаа. Үүнийг хуулиар зөв зохицуулах гээд чадахгүй байгаа гэж ойлгосон. 

Дараагийн асуудал нь, Төв банк гаргах ёстой шийдвэрээ бие дааж гаргах эрх зүйн орчин бүрдсэн үү гэдэг. Одоогийн Үндсэн хуулийн зохицуулалт болох 25.1.7 дахь заалтад төрийн мөнгөний бодлогыг тодорхойлох бүрэн эрхийг УИХ хэрэгжүүлэхээр заасан байгаа. Энд буй “төрийн мөнгөний бодлогыг тодорхойлох” гэдгийг мөнгөний бодлоготой холбоотой хууль тогтоомж баталж, түүнийг хэрэгжүүлэх үүрэг гэж үзэх үү, эсхүл мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах гэж үзэх үү гээд судлаачид байр сууриа илэрхийлдэг.

Практикт хоёр дахь чиглэлээр нь авч хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ баталдаг. Мөнгөний бодлогын үр нөлөө урт хугацаандаа гардаг учраас заавал нэг жил байх албагүй. Энэ асуудлыг тодотгох шаардлагатай. Мөн УИХ-аар тухайлан үндсэн чиглэл баталж явж байгаа нь Монголбанкны чиг үүргээ хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Энэ бол Үндсэн хуульд заасан Үндсэн хуулийн эрх зүйн асуудал байгаа. 

Гуравт, Монголбанкны Ерөнхийлөгч, удирдлагуудыг улс төрийн шахалтаар бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлдөг асуудал бий. Хуульд 6 жилийн ажиллах бүрэн эрхийн хугацаатай боловч 1991-2016 оны хооронд Монголбанкны Ерөнхийлөгч нийт 7 удаа томилогдож, бүрэн эрхийн дундаж хугацаа 3.7 жил гэсэн судалгаа байгаа нь томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн үг. Ойрын хугацаанд улс төрийн нөлөөлөл гэдэг энэ асуудал шийдэгдэхгүй байх.

Эндээс үзэхэд мөнгөний бодлого, төв банкны гол гол хууль зүйн баталгааны зохицуулалт, хэрэгжилт манай улсад эргэж харах шаардлагатай байгаа. Дэлхийн 200 орчим улсын тал нь Төв банкныхаа хараат бус байдлыг Үндсэн хуулиараа зохицуулж байна. Мөн зорилтыг нь Үндсэн хуулиараа зохицуулсан сайн туршлага бий. Тиймээс Монгол Улсын Төв банкны эрх зүйн баталгааг хангахын тулд Үндсэн хуулийн төвшинд авч үзэх шаардлагатай гэж би харж байгаа. 

-Тэгвэл одоогийн өргөн баригдсан төсөлд эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах уу?

-Төсөлд Төв банкны хараат бус байдлыг хангах зорилготой зохицуулалт оруулж байгаа нь сайшаалтай сайн хэрэг. Зохицуулалтын хувьд зарим нэг тодруулмаар зүйл харагдсан. Жишээ нь төсөлд “Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ...” чиг үүргийг гүйцэтгэхээр тусгасан байгаа. Тэгэхээр түрүүн ярьсан мөнгөний бодлогыг батлах бүрэн эрх нь УИХ-д хадгалагдахаар хэвээр байна энэ төслөөр. Үүнийг Төв банк, түүний бүтцийн байгууллага буюу Мөнгөний бодлогын зөвлөл батлахаар оруулж өгвөл агуулгын шинжтэй өөрчлөлт болох болов уу. 

Төв банкны эрх зүйн баталгааг хангах гол механизм нь түүний шийдвэр гаргах бүрэн эрхийн хараат бус байдлыг хангах асуудал юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд мөнгөний бодлогыг тодорхойлох бүрэн эрх төв банкинд байхгүй тул төв банк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй байна. 

Хоёрт, төсөлд Монголбанкны удирдлагын томилгоо, бүрэн эрхийн хугацааны баталгааг тухайлан заагаагүй байгаа. Үндсэн хуулиар тодорхой хугацаагаар томилогдсон албан тушаалтныг хугацаанаас нь өмнө зүй бусаар чөлөөлөх боломжгүй бөгөөд зөвхөн хуульд заасан тодорхой үндэслэл бүрдсэн үед л чөлөөлөх боломжтой. Иймээс Төв банкны ерөнхийлөгчийн томилох, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулиар зохицуулж, түүнийг үндсэн хуулийн эрх зүйн субъект болгосноор түүний хараат бус байдал, хариуцлагатай байдлын хууль зүйн баталгааг дээшлүүлэх юм. 

Төв банкны ерөнхийлөгч үндсэн хуульд заасан баталгааны хүрээнд чиг үүргээ бусдаас хараат бусаар явуулах нөхцөлийг  хангаж өгөхийн зэрэгцээ тэр хэмжээний хариуцлагыг тус байгууллагаас шаардаж болох юм.

Тэгэхлээр мөнгөний бодлоготой холбоотой энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь мөнгөний бодлогыг тодорхойлох бүрэн эрхийг төв банк хэрэгжүүлэх, төв банкны зорилт, бүтэц, удирдлагын бүрэн эрхийн, томилгооны журмыг Үндсэн хуулиар зохицуулж, УИХ хууль тогтоомж гаргах, удирдлагаас асуулга тайлан авах хэлбэрээр мөнгөний бодлогын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлд хандвал илүү үр нөлөөтэй болов уу. 

-Ер нь төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар зохицуулах чиглэлд гадаад улсын туршлага ямар байдаг вэ?

Дэлхийн 200 орчим улсын тал нь Төв банкныхаа хараат бус байдлыг Үндсэн хуулиараа зохицуулж байгааг түрүүн хэлсэн. 
Жишээ нь хойд хөрш ОХУ-ын Үндсэн хуулийн (1993) 75.2-т “Рублийн тогтвортой байдлыг хангаж, хамгаалах нь ОХУ-ын төв банкны үндсэн чиг үүрэг болно, банк нь энэ чиг үүргээ гүйцэтгэхдээ төрийн бусад байгууллагаас хараат бус байна.”, Эстони улсын Үндсэн хуулийн (1992) 111 дүгээр зүйлд “... Эстонийн банк нь ... үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана гэх зэргээр үндсэн зорилтыг нь зааж өгсөн байдаг. 

Шийдвэр гаргах эрхийн хувьд Польш зэрэг улсад төв банкныхаа мөнгөний бодлого тодорхойлох, шийдвэр гаргах бүрэн эрхийг Үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн. Төв банкны бүтэц, удирдлагын бүрэн эрхийн хугацаа, томилгооны харилцаа үндсэн хуульд түгээмэл зохицуулах хандлага байгаа. Тухайлбал, Армени, Албани, Чех, Эстони, Унгар, Литва, Словак улсыг энд дурдаж болно.

Ер нь манай улстай адил нийгэм эдийн засгийн шилжилт хийж буй, мөн Европын холбоонд нэгдэн орох шаардлагыг хангаж буй пост социалист улсуудын үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар дэлгэрэнгүй зохицуулах хандлагатай байна.  

Харин хөгжингүй орнуудын Үндсэн хуульд тухайн улсын төв банкны статус, удирдлагын томилгооны асуудал зэрэг харьцангуй товч зохицуулалт байна. Тухайлбал, ХБНГУ, Финланд, Норвег, Швейцар, Швед зэрэг улс энэ ангилалд багтахаар байна. 

Дэлхийн улсуудын төв банкны талаарх үндсэн хуулийн зохицуулалтад төв банкны статус, бүтэц, хараат бус байдал, органик хуулиар бусад харилцааг зохицуулах асуудал, мөн төв банкны зорилго, мөнгөний бодлогын зорилт, засгийн газарт зээл олгохыг хориглох, удирдлагыг томилох, чөлөөлөх, ажлаа тайлагнах субъект зэрэг харилцааг хамарч байна.

-Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар зохицуулсны ач холбогдлыг юу гэж үзэж байна вэ?

Төв банк нь Үндсэн хуулийн эрх зүйн харилцааны субъект болсон тохиолдолд түүний шийдвэр, үйл ажиллагаа мөн Үндсэн хуулийн шүүхийн хяналтад орох юм. Энэ нь тус институцийн хараат бус, хариуцлагатай байдлын түвшнийг дээшлүүлж, улс төрөөс хараат бусаар шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн шийдэл байхыг үгүйсгэхгүй.

-Ярилцсан баярлалаа. 

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x