Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

МУГТ Э.Содномпилжээ өөрийн эзэмшиж байсан дэлхийн рекордыг гурван кг-аар ахиулжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN

Пара Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-21-ний өдрүүдэд Казакстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдсан.

Тус тэмцээнд МУГТ Э.Содномпилжээ оролцож дэлхийн дээд амжилтыг шинэчилэн алтан медаль хүртсэн юм. Үүнтэй холбоотойгоор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл өглөө. 

"Энэ удаагийн тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болсон"

 

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга "Пара пауэрлифтингийн ДАШТ нь хоёр жил тутам нэг удаа болдог бөгөөд эзлэх байраараа олимпын дараа ордог том хэмжээний олон улсын тэмцээн юм. Энэхүү тэмцээнд эхний 10 байранд орсон дэлхийн тамирчид олимпод оролцох эрхээ авдаг.

Энэ удаа Нур-Султан хотод болсон тэмцээнд нийт 77 орны 2,700 тамирчин оролцож, хүчээ үзсэн. Манай улсаас -80 килограмм жинд Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас 28 дугаар байр эзэлсэн бол -107 килограмм жинд МУГТ Э.Содномпилжээ 20 орны 22 тамирчдаас алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон.

Энэ удаагийн тэмцээнд өндөр зэрэглэлийн тамирчид оролцсон нь маш ширүүн өрсөлдөөнтэй болголоо. Манай тамирчны хувьд 245 килограммын жингээс эхэлж, захиалгаар ирсэн хамгийн хүнд жин хүртэл өргөж, амжилтаа ахиулсан.

Өмнө нь тамирчин маань Индонез улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 244 килограммыг шахсан нь дэлхийн рекордыг нэг килограммаар ахиулсан үзүүлэлт болсон. Харин энэ удаа Казакстан улсад болсон тус тэмцээнд дэлхийн рекордыг дахин гурван килограммаар ахиулж, 247 килограмм болгож чадлаа" гэв.

"Тэмцээн уралдаанд оролцож байхад сэтгэлзүй өндөр байх ёстой"

 

МУГТ Э.Содномпилжээ пауэрлифтинг спортын талаар "Тэмцээн уралдаанд оролцоход сэтгэлзүй өндөр байх ёстой. Учир нь хүнд жингийн штанг өргөхөд хамаг цус дээшээ хөөрч байдаг. Тиймээс хамар,чих, нүднээс цус гарах тохиолдол бий. Энэ бол манай спортын төрөлд байдаг л үзэгдэл. Олон улсын тэмцээнд ороход ийм асуудал их гардаг. Тиймээс энэ төрлийн спортод их бэлтгэл тэвчээр, анхаарал шаарддаг.

Сүүлийн IPF-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байхдаа 250 килограммын штангийг байнга өргөдөг байсан.

Надад ирэх оныг дуустал оролцохоор төлөвлөсөн олон улсын чанартай дөрвөн тэмцээн байна. Энэ жилийн хувьд есдүгээр сард Монголд болох IPF буюу Олон улсын пауэрлифтингийн Азийн аваргын тэмцээн болон есдүгээр сарын 22-24 хооронд Испани улсад болох “BENCH PRESS” пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлдэж байна.

Харин 2020 онд Англи, Арабын нэгдсэн улсад болох пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Дашрамд дурдахад, пауэрлифтинг нь хүчний спорт бөгөөд Стронгмэн тэмцээнтэй төрөл нэг эртнээс нааш зохиогдож байсан "хүчний өргөлтүүд" спортоос үүдэлтэй аж. Манай улсад Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 19 салбар клуб, холбоонд нийт 6,000 гаруй тамирчин хичээллэдэг юм байна.