Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны ерөнхий сайдад хэлсэн Дональд Трампын үгийг Энэтхэгийн засгийн газар няцаав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Пакистаны ерөнхий сайд Имран Ханыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг Энэтхэгийн засгийн газар няцаажээ.

Уулзалтын үеэр Трамп өмнөд Азийн цөмийн зэвсэгтэй хоёр гүрний гол зөрчлүүдийн нэг болсон Кашмирын асуудлыг шийдвэрлэхэд зуучлагч болж ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.

Ингэхдээ тэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрөөс нь зуучилж өгөхийг хүссэн тухай Пакистаны удирдагчид ярьжээ.

Энэтхэг, Пакистан улсууд 1947 онд Британийн колоничлолоос салснаасаа хойш гурван удаа дайн хийсний хоёр нь Кашмирт болсон юм.

Тэгвэл Трампын мэдэгдлийн дараа удалгүй Энэтхэгийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Равеш Кумар “Манай ерөнхий сайд ийм хүсэлтийг АНУ-ын ерөнхийлөгчид огт тавиагүй” хэмээн мэдэгджээ.

АНУ 18 жил орчим үргэлжилж байгаа Афганий дайныг дуусгахын тулд Талибаны талтай хэлэлцээр хийж байгаа. Талибанчуудад ихээхэн нөлөөтэй Пакистаны эрх баригчдыг уг яриа хэлэлцээртээ ашиглах нь Трампын гол зорилго болоод байгаа.

Харин Пакистаны ерөнхий сайд Имран Хан энэхүү сонирхол дээр тулгуурлан Трампын засаг захиргааны үед зогссон АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэн авч, хямарсан эдийн засгаа тэтгэх хүсэлтэй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP