Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мандахнаран: Витамин тогтмол уух нь биед мэдэгдэхүйц сайнаар нөлөөлдөггүй гэдгийг тогтоосон

Б.Ану
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Архив: 2019 ОНЫ 7-р САРЫН 22-ний ярилцлагыг дахин нийтлэв. 

Хүмүүс дархлаагаа дэмжих зорилгоор элдэв эм, бэлдмэлүүд хэрэглэх нь түгээмэл болжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл нэмэлт бүтээгдэхүүн, витаминууд нь дархлааг бүрэн дэмждэг гэдгийг нотолсон зүйлгүй байгаа юм.

Энэ талаар Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнарантай ярилцлаа.



- Хүний дархлаа хэрхэн ажилладаг тухай энгийнээр тайлбарлаж болох уу. Энэ тухайгаас яриагаа эхэлье?

- Энгийнээр тайлбарлахад харьцангуй хэцүү.

Хүмүүс бидний бие олон төрлийн асар олон тооны эсүүд болон тэдгээрийн хамтдаа барьж босгосон эд эрхтнүүдээс тогтдог бөгөөд тэдгээрийн өөрийн биеийг гадны халдлагаас хамгаалах хамгаалалтыг хариуцдаг эс, эд, эрхтнүүдийг нийлүүлээд дархлаа тогтолцоо гэж нэрлэдэг.

Өдөр тутамд бидний биед өвчин үүсгэгчид болох өчүүхэн жижиг вирус, бактер, мөөгөнцөр, шимэгчид их бага хэмжээгээр гаднаас тогтмол орж ирсээр байдаг ба тэдгээрийг бие махбод дотор шимэгчлэн амьдарч, улмаар өвчлүүлэхээс нь өмнө олж устган цэвэрлэж байх нь дархлаа тогтолцооны хийдэг үндсэн ажил юм.

Ингэхдээ өөрийн эс эрхтнүүдийг оролцуулсан маш нарийн нийлмэл, тодорхой үе шаттай урвал, устгах үйл ажиллагаануудыг бие дотор явуулна. Энэ бүх үйл явц ихэнхдээ бидэнд мэдэгдэлгүй чимээгүй явагддаг боловч зарим үед бие өвдөх, халуурах гэх мэтээр мэдрэгддэг. Мөн өөрийн хөгширсөн, гэмтсэн эс эдүүдийг ч устган цэвэрлэж байх үүрэгтэй.

Ихэнх хүний дархлаа тогтолцоо хөгшин болтол олон жил ямар нэгэн зовлонгүй ажиллаж чаддаг бөгөөд хэрэв дархлаа тогтолцоонд асуудал гарвал нь эргээд олон өвчин үүсгэх шалтгаан болдог.

Одоо ерөнхий бүтцийнх нь тухай бага зэрэг дэлгэрүүлж ярья. Гадны өвчин үүсгэгчдийг таньж довтолдог хүний дархлааны үндсэн эс бол цусны цагаан эсүүд юм.

Тэдгээр нь цусаар биеийн бүхий л хэсгүүдэд эргэлдэж байхаас гадна сэрээ булчирхай (хүний цээжний хөндийд өвчүү ясны цаана байрлах жижгэвтэр булчирхай), дэлүү (хэвлийн хөндийн зүүн дээд орчим хэсэгт байдаг цуллаг эрхтэн), ясны чөмөг (чөмөг, нурууны нугалам гэх мэт хэмт яс хэмээх яснуудын зай завсарт байх чөмөгт эд), тунгалагийн зангилаа (нийт бие даяар тархан байрлах олон тооны бяцхан зангилаанууд) зэрэг биеийн олон газарт нөөцлөгдөж байдаг.

 
Зургийг http://en.zint.mn/ сайтаас ашиглав.

Дотроо залгиур эс, лимфоцит эс гэсэн хоёр үндсэн төрөл, олон дэд төрлүүдтэй. Залгиур эсүүдийн гол үүрэг нь өвчин үүсгэгчийн эсрэг хамгийн түрүүнд идэвхжиж, олширч, тухайн хэсэгт очиж тулалддаг юм. Иймээс эмч нар хүний биед идэвхтэй халдвар байгаа эсэхийг үнэлэхдээ залгиур эсүүдийн тоо өссөн эсэхийг харах зорилгоор цусны шинжилгээ хийж үздэг.

Лимфоцит эсийн тухайд гэвэл дотроо В лимфоцит, Т лимфоцит гэсэн үндсэн хоёр төрөлтэй ба эдгээр эсийн хамгийн гол шинж чанар нь өвчин үүсгэгчийг устгах олон төрлийн хүчтэй уураг, дохио бодисууд ялгаруулахаас гадна дархлааны ой санамжийг үүсгэдэг явдал байгаа юм.

Өөрөөр хэлбэл тодорхой дайсны эсрэг тулалдаж устгасныхаа дараа устгасан дайсныхаа шинж чанар болон устгасан арга барилаа өөртөө бичээд хадгалчихсан эсүүдээ нөөцлөөд авчихдаг гэсэн үг. Дараа ижил өвчин үүсгэгч орж ирсэн тохиолдолд тэдгээр сургагдсан эсүүд алдалгүй идэвхжин бусад эсийгээ идэвхжүүлснээр дархлааны илүү хүчтэй хариу урвалыг хурдан бөгөөд үр дүнтэй өрнүүлж өвчин үүсгэгчийг устгадаг.

Үүнийг бид энгийн хэлээр дархлаа тогтох хэмээн нэрлэдэг ба энэ шинж чанар дээр нь тулгуурлан хүн төрөлхтөн дархлаажуулах тарилгыг бүтээж олон сая хүний амь насыг аюулт өвчнүүдээс аварч байна.

- Дархлааг дэмжих олон төрлийн витамин уух нь дархлаанд эерэг нөлөө үзүүлдэг үү?

- Витамин уух нь дархлаа тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг эсэх талаар ярихын тулд энэ талаар хийсэн баталгаат судалгааны үр дүнгүүд ямар байна гэдгийг хамгийн түрүүнд харах ёстой юм.

Хөгжсөн орнууд энэ талын судалгаануудыг маш сайн хийдэг. Америкийн Нэгдсэн Улсад 11 жилийн хугацаанд 30,000 хүн дээр хийсэн судалгаа, мөн 14 жилийн хугацаанд 27,000 судалгаанууд витамин тогтмол уух нь биед мэдэгдэхүйц сайнаар нөлөөлдөггүй гэдгийг харуулсан байна. Нөгөө талаар хортой муу ч гэсэн зүйл бас харагдаагүй байна.

Тэгэхээр витамин уух эсэх нь цэвэр тухайн хүний сэтгэлзүйн сонголт болов уу.

Гэхдээ амьдарч буй газар орон, нийгэм ахуйн хөгжил, насны онцлогоосоо шалтгаалаад витамин уух зайлшгүй хэрэгцээ дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй байдаг байж болох юм.

Нөгөө талаар тухайн хүнд дутагдалтай байгаа, зайлшгүй нөхөх шаардлагатай витаминыг шинжилгээгээр тогтоолгож тун хэмжээг тохируулах нь зохимжтой.

- Хүүхдийн дархлаа том хүнээс муу гэдэг. Ер нь дархлааны хөгжил, өөрчлөлтийг насны ялгаагаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Хүүхэд бие физиологийн хувьд жижгэрүүлсэн том хүн хараахан биш бөгөөд том хүн болох шатандаа яваа олон хувирал өөрчлөлт, өвөрмөц онцлог бүхий бодгаль гэдгийг бид нэн түрүүнд ойлгох ёстой.

Хүүхэд эхийн хэвлийд байх үеэс буюу ураг байх үеэс миний дээр дурдсан дархлааны эрхтэн, эсүүд үүсч хөгжиж эхэлнэ. Эх нь тэмбүү гэх мэт ихсээр дамжин урагт халдварладаг халдварт өвчингүй тохиолдолд ураг эхийн хэвлийдээ гадаад орчноос бүрэн тусгаарлагдан, ямар нэгэн бичил биетэнгүй буюу анагаахын үгээр бол ариун орчинд байх бөгөөд ээжийнхээ биеэс ихэс хэмээх эрхтнээр дамжуулан шим тэжээлийн бодисууд авахаас гадна ээжийн дархлааны эсүүдийн үүсгэсэн олон төрлийн бичил биетнийг саармагжуулах чадвартай “эсрэг бие” (иммуноглобулин буюу Ig хэмээн тэмдэглэдэг) хэмээх уургуудыг мөн авч байдаг.

Хүүхэд төрмөгц бичил биетэн, хортой хоргүй зүйлсээр дүүрэн орчин угтаж авах бөгөөд энэ үеэс эхлэн хүүхдийн дархлааны эрхтэн тогтолцоо идэвхтэй ажиллаж мөн суралцан хөгжиж эхэлдэг ба энэ үйл явц насанд хүртэл үргэлжилнэ.

Төрсний дараах зургаан сараас эхлэн ээжийн биеэс авсан эсрэг бие уургууд зарцуулагдан дуусч эхлэх бөгөөд өөрийн эсрэг биеийг үүсгэн бий болгохоор ажиллаж эхэлнэ.

Энэ үеэс эхлэн хүүхэд илүү өвдөмхий болох, ханиад шуухинаа гэх мэт нь хүндрэх зэрэг зүйлс ажиглагддаг.

Хүүхдийн бүхий л бие эрхтэн тогтолцоо том хүнийхээс сул байх хэдий ч нөгөө талаар дархлааны эрхтэн тогтолцоо нь суралцах идэвхтэй шатандаа явж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Том хүний дархлаа тогтолцоо тодорхой орчин, бүс нутагт олон жил амьдрах явцдаа олон бичил биетэнтэй харьцаж олон өвчний эсрэг аль хэдийнээ дархлаатай болсон байдаг бол хүүхдийн дархлаа тэр бүхэнтэй харьцаж, давж байж дархлаа тогтдог зүй тогтолтой. Тиймээс ч ханиад шуухинаагаар ч болов хүүхэд том хүнээс хамаагүй олон удаа өвчилдөг шүү дээ.

Тиймээс хүүхэд байх үед нь вакцин буюу дархлаажуулах тарилгыг хийн бие махбодод нь дархлааны ой санамж үүсгэх замаар хүүхдүүдийг аюулт халдварт өвчнүүдээс хамгаалж байна.

Насанд хүрсэн хүний дархлаа ч гэсэн тухайн бүс нутгийн өвчнүүдэд л харьцангуй дархлаатай болсон байдгаас бус өөр нутагт очвол мөн л сорилтонд орно. Жишээлбэл Монгол хүн тропикийн халуун орны бүс нутагт очвол хумхаа гэх мэт халуун орны халдварт өвчнөөр өвдөн хохирох магадлал нь тухайн нутгийн иргэдээс статистик магадлалаар илүү их байх юм.

Анагаах ухааны гайхамшигт ололт болсон дархлаажуулалт хийгдсэнээр зарим халдварт өвчнүүд бүрэн устаж, хүн ам нийтээрээ эрүүлжсэн юм

- Сүүлийн үед вакцин хэрэгтэй, хэрэггүй гэх яриа үе үе гарах болж. Та ямар байр суурьтай байдаг вэ?

- Ганцхан жишээ хэлэхэд дэлхий даяарыг хамарсан дархлаажуулалт хийгдсэнээр Цагаан цэцэг, Татран зэрэг олон аюулт халдварт өвчнүүд зарим нь бүрэн устаж зарим нь устахад ойрхон болоод байна. 

Манай оронд ч ялгаагүй Европ анагаах ухааны гайхамшигт ололт болсон дархлаажуулалт хийгдсэнээр зарим халдварт өвчнүүд бүрэн устаж, хүн ам нийтээрээ эрүүлжсэн юм. Харамсалтай нь сүүлийн үед зөвхөн Монголд төдийгүй дэлхийн зарим бусад оронд дархлаажуулалттай холбоотой нотлогдоогүй, сөрөг мэдээлэл гарснаар улаан бурхан зэрэг аюулт өвчний дэгдэлт гарах болсон. Эцэг, эхчүүд дархлаажуулалтын тарилга хүүхэддээ хийлгэхгүй байх нь зөвхөн өөрийн хүүхдээ төдийгүй эргэн тойрон дахь бусдын хүүхдийг халдварт өвчний эрсдэлд оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй юм.

- Хүүхэд, том хүнгүй өвдөөд антибиотик эмчилгээнд орох үедээ болон орсны дараагаар шаардлагатай ашигтай бактераа нөхөхийг эмч нар зөвлөдөг болсон. Ашигтай бактерыг элдэв нэмэлтгүйгээр хэрхэн нөхөж явах ёстой вэ?

- Хүний биед, нэн ялангуяа гэдсэнд хүний өөрийн эсийн тооноос илүү олон тооны бактерын эсүүд эзэнтэйгээ харилцан ашигтай амьдарч байдаг нь нэгэнт тодорхой болсон. Олон төрлийн эмчилгээ эдгээр бактерын нийт тоо хэмжээ болон бүтэц, зохистой харьцаанд нөлөөлдөг нь мэдэгдсэн бөгөөд тиймээс орчин үеийн анагаах ухаан микробиота буюу гэдэсний бичил биетнийг судлах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж олон шинэ зүйл мэдэж авч байна.

Хүний бие дэх  бүхий л бичил биетнүүдийг хамтатгаад Микробиом хэмээн томьёолж байна. Бичил биетнийг нөхөх хамгийн сайн арга бүх хоолыг хориглож хасалгүй хүнсэндээ хэрэглэх бөгөөд тэр дотроо ислэг ихтэй навчит ногоонууд болон тараг зэрэг амьд бактер бүхий бүтээгдэхүүнүүд сайн хэрэглэх явдал юм.

Харин түргэн хоол, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзахыг эрдэмтэд зөвлөдөг болсон. Мөн санхүүгийн боломжоосоо шалтгаалаад аль болох олон төрлийн, органик буюу химийн боловсруулалт бага хийгдсэн  хүнс хэрэглэж байх нь эрүүл мэндэд нэн тустай нь жил ирэх тусам батлагдаж байна.

- Ашигтай бактерын тоо хүний дархлаатай холбоотой юу?

- Хүний бие, түүн дотроо бүдүүн нарийн гэдсүүд ашигтай, ашиггүй олон төрлийн бичил биетнүүдийг агуулж байдаг. Тэдгээр бичил биетнүүд нь зөвхөн бактер төдийгүй мөөгөнцөр, протоз гэх мэт олон өөр төрөл байдаг ч дийлэнх массыг нь бүрдүүлдэг бактеруудын нэрээр гэдэсний бактер хэмээн аман ярианд нэрлэдэг.

Эдгээр бактер нь эзнийхээ дархлааны тогтолцоог тэнцвэртэй, эрүүл хариу урвалыг явуулж сурахад тодорхой хэмжээгээр ороцож “сургалт явуулдаг” бөгөөд бактериудын зүй зохистой тоо хэмжээ, зөв харьцаа зэрэг нь алдагдсанаар гэдэсний үрэвсэлт өвчин гэх мэт дархлааны болон, хоол боловсруулах замын олон аюултай эмгэг хариу урвал, өвчнүүдийг үүсгэх шалтгаан болдог. Гэдэсний бактериуд зөвхөн дархлаа төдийгүй бие махбодын ихэнх эрхтнүүд түүн дотроо тархинд хүртэл нөлөөлдөг болох нь сүүлийн үед улам бүр ил болсоор байна.

Гэдэсний бактериуд зөвхөн дархлаа төдийгүй бие махбодын ихэнх эрхтнүүд түүн дотроо тархинд хүртэл нөлөөлдөг болох нь сүүлийн үед улам бүр ил болсоор байна

- Нэгэнт дархлааны тухай ярьж байгаа учраас хаврын улирлын тухай асууя. Учир нь хаврын цагт хүн, амьтны биед өөрчлөлт гарч дархлаа суларч, ядарч, туйлддаг гэдэг. Энэ ямар учиртай үйл явц вэ. Яагаад хавар ядарч, туйлддаг вэ?

- Биологийн талаас нь авч үзэх юм бол Монголчууд бид нар хэмээх дундаж хэмжээний одыг тойрон эргэж байгаа дэлхий хэмээх багахан гарагийн хойд хагасын хэсэгхэн газарт амьдарч байгаа оюунт хүн (Homo sapiens) хэмээх ердийн л амьтад.

Бид бүгд байгалийнн бүтээгдэхүүн. Бидний бие байгаль эхтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл байгаль дэлхий, бидний хүрээлэн буй орчны бүхий л өөрчлөлт бидний бие махбод, сэтгэл санааг ямар нэгэн байдлаар өөрчилж, бидэнд ямар нэгэн байдлаар мэдрэгдэж байдаг бөгөөд энэ нь орчныхоо өөрчлөлтөнд дасан зохицох гэсэн, тэсч үлдэх гэсэн бие махбодын хариу урвалын илрэл юм.

Гуравдугаар сараас хавар болж дэлхийн хойд хагаст тусах нарны гэрэл дулаан нэмэгдэж ирэхэд тухайн газарт амьдрах бүхий л амьтдын биед зуны урин дулаан цагт бэлтгэсэн өөрчлөлт орж эхэлдэг ба хүмүүс бидний биед ч тодорхой өөрчлөлт гардаг нь хаврын ядаргаа буюу хаварших үзэгдэл юм. Өдөр уртасч тархины хүлээн авах гэрлийн хэмжээ нэмэгдсэнээр, мөн гадаах температур дулаарснаар хүний бие өөрийн доторх даавруудын харьцаа хэмжээг цаанаасаа өөрчилдөг ба ингэснээр бидэнд ядарч сулрах, нойрмоглох, сэтгэл санаа тогтворгүй эсвэл гунигтай болох гэх мэт бие махбод сэтгэл санаа маань өвлийн тогтвортой хэмнэлээсээ гарч байгаа олон зовиур маягийн шинж тэмдгүүд мэдрэгддэг л дээ.

Монгол орон мэт өвөл зуны гэрлийн болон температурын зөрүү ихтэй бүс нутгуудад эдгээр шинж тэмдэг арай хүчтэй ажиглагддаг ба 3-4 сарын үед дунджаар гурван долоо хоног орчим үргэлжлээд өөрөө арилдаг байгалийн жирийн үзэгдэл юм.

- Зуны цагт хүмүүсийн ургамлын харшил сэдэрдэг. Харшлаа намжаахын тулд дархлаагаа тогтворжуулах шаардлагатай гэдэг. Гэтэл энэ үед дархлаа сэргээх бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн хориглохыг зөвлөдөг ч эмч байдаг. Энэ талаар судалгаанууд байдаг уу?

- Харшил өвчин гэж юу болох хэрхэн үүсдэг, ямар эмчилгээ хийх хэрэгтэй зэрэг нь төгс бус боловч өнөө цагийн анагаах ухаанд нэлээд судлагдаж тодорхой болсон зүйл.

Харшил өвчнийг анагаах ухааны хэллэгээр “Хэт мэдрэгшил” хэмээн нэрлэдэг.

Энэ нь тухайн хүний дархлаа тогтолцоо ихэнх хүний хувьд хэвийн байдаг ургамлын тоосонцор гэх мэт харшил үүсгэгч зүйлийн эсрэг хэт мэдрэгээр идэвхиж, үйл ажиллагаа нь эмгэгээр ихсэж байна гэсэн утга юм. Үүнээс шалтгаалан хамар битүүрэх, найтаах гэх мэт тухайн харшил үүсгэгчийг өөрийн биед оруулахгүй, байх гаргаж зайлуулах зовиуртай цогц хариу урвал явагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл харшил өвчнийг дархлаа муудсанаас бус, хэт эмгэгээр хүчтэй хариу урвал явуулж байгаагаас шалтгаалан үүсэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Одоогоор харшил өвчний эсрэг төгс эм бэлдмэл гараагүй байгаа бөгөөд ихэвчлэн судас өргөсөлтийг багасгаж урвалын эрчмийг бууруулах эмүүд болон хамрын битүү арилгах эм зэрэг зовиур багасгах эмчилгээнүүдийг хийж байна. Онолын хувьд харшил өвчнийг намдаах хамгийн сайн арга бол тухайн харшил үүсгэж буй хүчин зүйлээс аль болох зайлсхийх явдал гэж үздэг. Уламжлалт эмчилгээ гэх мэт өөр хувилбарууд олон байдаг ч тодорхой үр дүн гарч нэг тийшээ шийдэгдээгүй байна.