Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Маршаллын арлууд дээр цацраг идэвхийн хэмжээ Чернобылийн гамшгийн бүсийнхээс өндөр байгааг судлаачид тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хүйтэн дайны үед АНУ цөмийн зэвсэг туршдаг байсан Номхон далайн Маршаллын арлуудын зарим хэсэгт цацраг идэвхийн хэмжээ аюултай түвшинд хэвээр байгааг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ.

Тодруулбал эдгээр арлууд дээрх цацраг идэвхийн хэмжээ Чернобыль, Фүкүшимагийн гамшгийн бүсүүдийнхээс өндөр байгаа гэнэ.

1946-аас 1958 оны хооронд эндхийн жижиг шүрэн арлууд дээр АНУ-ын засгийн газар нийт 67 удаа цөмийн туршилт хийсэн байдаг.

Энэ үеэр арлуудын иргэдийн дунд цацрагтай холбоотой өвчлөл, хорт хавдар дэлгэрч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байжээ.

60 гаруй жилийн дараа Колумбийн их сургуулийн судлаачид туршилт явуулж байсан арлууд дээр хэмжилт хийхэд 1986 онд осолдсон Чернобылийн цөмийн станц, 2011 онд цунамид нэрвэгдсэн Фүкүшимагийн цөмийн станцын цацраг идэвхийн хэмжээнээс 10-1,000 дахин өндөр байгааг тогтоосон байна.

Нийт 11 арлын хөрснөөс Америциум-241, Цези-137, Плутониум-238, Плутониум-239 зэрэг цацраг идэвхит бодис илэрсэн байна.

Маршаллын арлуудад харьцангуй цөөн хүн амьдардаг. 2018 онд явуулсан тооллогоор оршин суугчдынх нь тоо 75,000 орчим болсон байна. Хүмүүс арлуудад тархан суудаг бөгөөд зарим жижиг арлуудын оршин суугчийн тоо хэдэн зуугаар хэмжигддэг.

АНУ түүхэндээ нийт 1,054 цөмийн туршилт хийсний цөөхөн хэсгийг Маршаллын арлуудад гүйцэтгэж байжээ.

Тухайлбал 1954 онд Бикини нэртэй арал дээр АНУ хамгийн том устөрөгчийн бөмбөгөө туршсан нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японд хаясан бөмбөгнөөс 1,000 дахин хүчтэй байв.

Өнөөдөр энэ арал дээр хүн оршин суудаггүй бөгөөд сүүлийн судалгаагаар цацраг идэвхийн хэмжээ хамгийн өндөр байгааг тогтоожээ.

Бикини арлын иргэдийг 1946 онд бусад арлуудад нүүлгэн шилжүүлж байв. 1960-аад оны сүүлээр АНУ-ын засаг захиргаа арлыг аюулгүй болсныг зарласны дараа зарим иргэд төрөлх арал руугаа нүүсэн ч цацрагийн хор нөлөөнөөс шалтгаалан удалгүй буцаж байжээ.

Маршаллын арлуудыг дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын цэрэг эзлэн 1970-аад оны сүүл хүртэл өөрийн газар нутагт тооцдог байв. Өнөөдөр эдгээр арлууд тусгаар тогтносон улс болсон ч АНУ-тай онцгой түвшинд харилцах гэрээтэй байдаг.

Судалгааны тайлан энэ долоо хоногийн “Proceedings of the National Academy of Sciences” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: CNN