Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнийг ажилд шалгахдаа хэт хувийн мэдээлэл шаардахыг Өмнөд Солонгост хуулиар хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Компани, байгууллагууд хүнийг ажилд шалгахдаа хэт хувийн чанартай мэдээлэл шаардахыг хориглосон хууль өнөөдрөөс Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлж байна.

Тус улсын компаниуд ажил горилогчоос их мэдээлэл шаарддаг, ажилд авахдаа хэвийн бус шалгуур тавьдгаараа алдартай. Ийм буруу жишгийг арилгах зорилготой хуулийг Өмнөд Солонгосын парламент өнгөрсөн гуравдугаар сард баталж байжээ.

Шинэ хуулийн дагуу компаниуд ажил горилогчоос төрсөн газар, гэр бүлийн гишүүдийн мэдээллийг шаардах эрхгүй болж байна. Мөн хөрөнгө орлогын хэмжээ, гэрлэлтийн байдал, биеийн өндөр, жин, царай зүс зэрэг мэдээллийг шаардах нь хууль бусад тооцогдох болжээ.

Зөвхөн загвар өмсөгч, модель зэрэг онцгой ажлын байруудад ийм асуулт тавихыг зөвшөөрсөн байна.

Хэрвээ компани байгууллагууд энэхүү хуулийг анх удаа зөрчвөл гурван сая воны ($2,600) торгууль хүлээх бол хоёр дахь удаад дөрвөн сая, гурав дахь удаад таван сая вон болж нэмэгдэх юм.

 

Эх сурвалж: Korea Times