Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Их хурд-8” уралдааныг Монгол туургатны морины өв соёлын наадам болгон зохион байгуулна

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос/ММСУХ/ энэ жил найм дахь удаагаа тус уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд хурдан морины уралдааныг морин уралдаан төвтэй, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэсний их өв соёлыг цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилгоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8”, Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болсныг ММСУХ-ны тэргүүлэгч, тус наадмыг зохион байгуулах комиссын дарга Б.Бадраа хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж, болзол хангасан шигшмэл азарга, их нас, шилмэл хурдан морьдын уралдааныг зохион байгуулахаас гадна долоон дэд хөтөлбөр бүхий уралдаан тэмцээнийг явуулахаар болжээ.

Тодруулбал, “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна.

Наадмын удирдамжийн дагуу сум бүр дэх салбар хороод “Адуучин”, “Хос сайхан морьтон” шалгаруулах тэмцээнээ зохион байгуулчихсан бөгөөд шалгарсан шилдгүүд энэ сарын 20, 21-нд Хүй долоон хутагт ирж өрсөлдөнө хэмээн зохион байгуулагчид хэллээ.

“Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.
 Л.Цагаандалай: “Их хурд-8” уралдааныг морьтон монголчуудын соёлын наадам болгож байгаа
 
Гэрэл зургийг mpa.mn

ММСУХ-ны тэргүүлэгч Л.Цагаандалай “Өргөн уудам нутагтай Монгол орны газар бүхэнд морь уядаг. Газар газрын хурдан морьдынхоо хамгийн хурдныг нь тодруулах гэхээр газар зүйн хувьд хүндрэлтэй байлаа. 1990-ээд онд морийг ачиж зөөдөггүй, Улсын наадамд төвийн аймгуудын хурдан морьд л оролцдог байсан. Тиймээс 1995 онд байгуулагдсан ММСУХ бүсийн наадмыг санаачилсан. 2000-аад оноос морийг ачиж тээвэрлэж эхэлсэн учраас шигшмэл хурдан хүлгүүдийнхээ  шилдгийг шалгаруулах уралдааныг зохион байгуулах санаачилга гарсан юм.

1998 онд анхны “Их хурд” уралдааныг зохион байгуулж байсан. Тухайн үед ч алслагдсан аймгуудаас морио хөтөлж ирээд уралдаж байв. Баян-Өлгий аймгаас хөтлүүлээд ирсэн хурдан бор морь зургаад хурдалж байсан түүх бий.  Одоо бол техник хөгжөөд сайхан болчихсон, “Их хурд” уралдаан зохион байгуулагдаад хэвшсэн учраас ММСУХ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэмээн үзэж уралдаан төвтэйгөөр монгол туургатны морьтны өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой наадмыг зохион байгуулж байна.

“Их хурд-8” уралдааныг зөвхөн уяачдын, холбооны хүрээллийн баяр биш морьтон монголчуудын соёлын наадам болгож байгаа юм" хэмээн ярилаа.