Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч конгрессын зөвшөөрөлгүйгээр Иранд дайн зарлах хориотой болно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Иранд дайн зарлах Дональд Трампын эрх мэдлийг хязгаарлах асуудлаар санал хурааж дэмжжээ.

Танхимын гишүүд 251-170 харьцаатай саналаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах хуулийн төслийг дэмжсэн байна. Ардчилсан Намын гишүүдээс гадна Бүгд Найрамдах Намын 27 гишүүн уг хөдөлгөөнд нэгдсэн нь ховор тохиолдол байв.

2020 оны Үндэсний Батлан Хамгаалах Эрх мэдлийн хуульд орох нэмэлт заалтын дагуу АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны сангийн хөрөнгийг конгрессын зөвшөөрөлгүйгээр дайны үйл ажиллагаанд зарцуулах эрхгүй болж байна.

Гэхдээ конгрессын доод танхимд дэмжигдсэн уг хуулийг Бүгд Найрамдахчууд дийлэнх болдог Сенатын танхим дэмжсэний дараа хэрэгжих шатандаа орох юм.

Ямартай ч Баасан гарагт гаргасан шийдвэр нь дайн зарлах эрх мэдлийг конгресст шилжүүлэх чиглэлд хоёр нам нэгдэж буйг харуулсан чухал үйл явдал байв.

2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа конгресс дайн зарлах эрх мэдлийг АНУ-ын ерөнхийлөгчид олгох шийдвэр гаргаж байжээ.

Үүний үр дүнд 2003 оны гуравдугаар сард Иракын эсрэг дайны ажиллагаа эхэлж байв.

Тэгвэл 2001 онд батлагдсан энэхүү хуулийг өөрчлөх саналыг төлөөлөгчдийн танхим өнгөрсөн сард дэмжсэн юм. Сүүлийн саруудад конгресс Трампын гадаад бодлогод нөлөөлөхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.

Хоёр намын төлөөлөл хоёул АНУ-Ираны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж, болзошгүй дайнаас урьдчилан сэргийлэхийг уриалах болсон юм. Мөн Трампын засаг захиргааны Саудын Арабт зэвсэг нийлүүлэх эрх мэдлийг хязгаарлах алхмыг конгресс хийгээд байна.

 

Эх сурвалж: Reuters