Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
М.Энхсайхан: Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань байна
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр өнөөдөр илтгэл тавилаа.

Энэхүү арга хэмжээг “Боловсрол төвтэй улс төр” ТББ-аас санаачлан зохион байгуулсан аж.

Түүний илтгэлээс онцлох 20 эшлэлийг хүргэж байна

1. Ганц Худагт ялын тогтоол уншуулж байхдаа би шүүхийн шийдвэрийг дуулиан болгож, улс төр хийгээгүй.

2. Би хувь тохиолоор Ардчиллын анхны Засгийн газрыг тэргүүлсэн.

3. Засгийн газрууд ойр ойрхон огцордог үйл явдал бараг л манай улс төрийн соёл болж хэвшсэн нь туйлын харамсалтай.

4. Шинэ, хуучны зөрчил өнөөг хүртэл оршсоор л байна. Ардчилал, зах зээл хоёр өөр хоорондоо уялдаатай ч ижилхэн зүйл биш юм. Үүнийг олон хүн нэг л зүйл мэт ойлгодог.

5. Монгол орон Ардчиллын бяцхан арал болчихсон байна.

6. Өмнөх нийгэмд нэг л төрлийн мөхөөлдөс иддэг байсан бол зах зээлийн нийгэмд мөхөөлдөсний төрөл нь олширч, амт нь сонголттой болсон.

7. Зовлон бэрхшээл дундуур туулж байж зах зээл гэдэг ойлголт Монголд нутагшсан. Зах зээлийн сэтгэлгээ хэр баттайг өнөөдөр харах үлдэж байна.

8. Монгол бол Орос биш, Монгол бол Хятад биш. Тэднийг хуулбарлах шаардлага огт байхгүй. 

9. Ардчиллыг дарангуйлал чирснээр хөгжил ирэхгүй, харин Монгол оронд зах зээлийн сэтгэлгээг гүнзгий нутагшуулбал хөгжил болно.

10. Сонгосон УИХ-ын гишүүнийхээ юу хийж байгааг мэдэхгүй, хянахгүй байгаа бол тэд амин хувийнхаа асуудлыг урьтал болгож довоо шарлуулах эрхтэй л гэсэн үг.

11. Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг. 

12. Миний амьдрал бусдынхаас илүү болж чадахгүй байна, ямар шийдэл байна вэ гэсэн асуудалтай тулгарахад "Баячуудын хөрөнгийг хураая" гэх популист хариулт чихэнд чимэгтэй сонсогддог.

13. Боловсрол нимгэн хүмүүс хөрш орноос хоосон айж эмээдэг бөгөөд тэр нь бараг өвчин хэлбэрт шилжих нь бий.

14. Хоосон айдсыг эмчлэх арга бол боловсрол, мэдлэг байх учиртай.

15. Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань болжээ.

16. Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй хийрхэл.

17. Орчин үеийн төрийн үндсэн үүрэг бол эдийн засгийн бодлого байдаг. 

18. Монголд гутранги үзэлд автах, зах зээлд дургүйцэх, гадаадынхныг эсэргүүцэх гэсэн гурван төрлийн төөрөгдөл байна.

19. Популизмыг буруушааж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал чухал.

20. Их дээд сургуульд политэкономийн үндэс заах сургалтын хөтөлбөртэй болох хэрэгтэй.

МУИС-ийн номын санд зохион байгуулагдсан тус илтгэлийг сонсохоор 100 гаруй хүн оролцож, санал бодлоо солилцсон юм.