Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн захирал “бэлэн болоогүй гар утас”-ыг худалдаанд гаргахаар яаруулсан буруугаа хүлээн зөвшөөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компани нугардаг дэлгэцтэй Galaxy Fold загварын ухаалаг гар утасныхаа нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ.

Дөрөвдүгээр сарын сүүлээр худалдаанд гарах ёстой байсан энэхүү шинэлэг загварын гар утасны дээжээс хэвлэлийнхэнд урьдчилж тараасан нь эвдэрч эхэлсэн тул нээлтийг хойшлуулсан юм.

Энэ бүтэлгүйтлээсээ хойш Самсунг компани Galaxy Fold-ын талаар ямар нэг мэдээлэл өгөлгүй, таг чиг байгаа. Тэгвэл өчигдөр тус компанийн гар утасны салбарыг хариуцсан гүйцэтгэх захирал Ко Дон Жин сэтгүүлчидтэй уулзахдаа зарим мэдээллийг өгсөн байна.

Тэрээр “бэлэн болоогүй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар яаруулсан” алдаагаа хүлээн зөвшөөрч, уг бүтэлгүйтэл нь Самсунгийн хувьд “ичмээр явдал болсон” хэмээн харамсан ярьжээ.

Энэ үеэр Ко Дон Жин нугардаг дэлгэцтэй бүтээгдэхүүнээ хэзээ худалдаанд гаргах талаар шинэ мэдээлэл өгөөгүй байна. Харин өнгөрсөн хугацаанд Galaxy Fold загварын 2,000 орчим гар утсыг нарийвчлан шалгасны үр дүнд техникийн бүх алдаа доголдлыг нь тодорхой болгоод байгааг сэтгүүлчдэд дуулгажээ.

Дэлхийн анхны нугардаг дэлгэцтэй гар утас гэгдэж байгаа Galaxy Fold-ын нэг бүрийн үнэ $1,980 байх юм.

 

Эх сурвалж: Engadget