Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Киото хотын дарга кимоногийн асуудлаар Ким Кардашянд захидал бичжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Америкийн реалити шоуны од Ким Кардашян “кимоно” брэндийн дотуур хувцас худалдаанд гаргахаар болсон нь маргаан үүсгэсэн юм.

Япончууд үндэсний хувцасныхаа нэрийг бизнесийн зорилгоор ашиглуулах, тэр дундаа кимонотой ямар ч хамаагүй бүтээгдэхүүнд хэрэглэхийг эсэргүүцэж байгаа.

Кардашян “кимоно” барааны тэмдгийг АНУ-д бүртгүүлэн эзэмших болсон бөгөөд шинэ бүтээгдэхүүнийхээ нэрийг солих бодолгүйгээ саяхан хэвлэлд ярьсан байна.

Тэгвэл Японы хуучин нийслэл Киото хотын дарга Дайсаку Кадокава кимоногийн талаар тайлбарлаж, бүтээгдэхүүнийхээ нэрийг солихыг хүссэн захидлыг Кардашянд хандаж бичсэнийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Киото бол Японы орчин үеийн амьдралыг уламжлалт соёлтой хослуулсан газар гэдгээрээ онцлог. Энд кимоно өмссөн гэйша нар өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдардаг. Тиймээс кимоногийн талаар дуугарах эрхтэй хүн гэж байдаг бол Киото хотын дарга байх нь гарцаагүй юм.

Хотын дарга захидалдаа кимоног Японы соёл, түүхийн салшгүй нэг хэсэг, урлагийн бүтээл, гоо сайхан, оюун санаа, үнэт зүйлийн илэрхийлэл юм гэж тайлбарлажээ.

Кимоно өмссөн гадаадын жуулчид Киото болон бусад хотуудад олноор үзэгдэх болсон нь дэлхий нийт Японы соёлыг ойлгож, хүндэтгэж байгаагийн нэг жишээ юм гэж Кадокава тайлбарласан байна.

Мөн Япон даяар “Кимоногийн соёл”-ыг дэлгэрүүлэх санаачилга гаргаснаа, ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлснээ дурдсан байна.

Эцэст нь тэр Ким Кардашяныг Киотод зочилж, кимоногийн соёлтой танилцахыг уриад дотуур хувцасны шинэ бүтээгдэхүүндээ нэрийг нь ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсжээ.

Хотын даргын захидлыг олон мянган япон хүн дэмжиж, уламжлалт соёлоо хадгалах зүтгэлд нь талархал илэрхийлцгээсэн байна.

 

Эх сурвалж: Japan Today