"Шарилжгүй Улаанбаатар" аян өнөөдрөөс эхэлж байна.
Хуваарийн дагуу өнөөдрөөс Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилж луулийг цэвэрлэж эхэллээ.
Энэ жилийн онцлог бол шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг /13тн/ 1.5-2.0 га талбайд туршина. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгос эрдэмтэн Улаанбаатарт өнөөдөр хүрэлцэн ирж байгаа бөгөөд уг бэлдмэлийг хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм.
Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэнэ.
Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт зарлаж байгаа аж. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм.
Иймд Шарилжгүй Улаанбаатар аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа нэгдэж бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.
"Шарилжгүй Улаанбаатар" аяны нэгдүгээр үе шат 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны хооронд 15 хоног, хоёрдугаар үе шат 8 дугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана.