Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан: Хууль бус зүйлтэй орооцолдсон нөхдийг дахин сонгуульд оролцуулахгүй байх хуулийг боловсрууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн С.Жавхлан Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан, өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. 

Хуулийн төслийн танилцуулгад "2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй.

Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа" хэмээн дурджээ. 

Харин санаачилсан хуулийнх нь талаар УИХ-ын гишүүн С.Жавхлангаас тодруулахад "Уул уурхайн лецинз, архи мансууруулах бодисын арилжаа хийдэг, хууль бус үйлдэл, мөнгө санхүүтэй холбоотой, оффшор данс нээсэн зэрэг асуудалд орооцолдсон нөхдүүдийг дахиж УИХ-ын сонгуульд оруулахгүй байх хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулсан. Энэ бол Монголын түмэг олны захиалга учраас хуулийн төслийг хэлэлцэх ёстой" хэмээн хариулав.