Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Жагсаал, цуглаан зохион байгуулсан эмэгтэйн нөхрийг цагдаагийн байгууллагаас чөлөөлөх тухай асуудал огт яригдаагүй"

Б.Энхмарал, iKon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/444926976285209/

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ардчилсан Намаас энэ сарын 11-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт жагсаал зохион байгуулах хүсэлтийг тус дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Энэхүү хүсэлт нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагийг хангахгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан хариуг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн.

Гэсэн хэдий ч АН-н зүгээс зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд 11:00-12:30 цагийн орчимд ЧД-ийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Жагсаал цуглаан хийх хуулийг зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулагчдад албан мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Үүний дараа зургаадугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.8.3-т заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд ажиллаж байна. 

АН-аас 2019-6-12-ны өдөр Гэрлэх ёслолын ордны өмнө жагсаал хийнэ хэмээн зөвшөөрөл авсан боловч байршлаа өөрчлөн, зөвшөөрөлгүй газар буюу Австрали улсын Элчин сайдны яам байрлах газар жагсаал зохион байгуулсан.

НҮБ-ийн Венийн конвенцид аливаа улс орны дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасны дагуу Олон нийтийн аюулгүй байдлын хангах албанаас жагсаал зохион байгуулагч нарт газраа өөрчлөх шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор жагсаал зохион байгуулагч н.Энхсайханы зүгээс “Хуулийн дагуу жагсаал зохион байгуулж байхад ЦЕГ-н хариуцлагатай албан тушаалтан нөхөр чинь цагдаа юм байна. Нөхрийг чинь ажлаас нь хална гэх мэтээр дарамталсан. Мөн бид нарыг ирж барих гэж байна” гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа мэдээлэл хийсэн. 

Энэ мэдээлэл нь худал, буруу ташаа гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор залруулж байна. н.Энхсайханы нөхөр цагдаагийн байгууллагад тодорхой нэр бүхий албан тушаалд ажилладаг бөгөөд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэвийн ажиллаж байгаа" гэлээ. 

Мөн тэрбээр жагсаал зохион байгуулсан хүмүүсийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдсэн юм. Зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдээс мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагад дуудсан, албадан баривчлах үйл ажиллагаа одоогоор явагдаагүй байгаа гэдгийг хэллээ.