Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Японы газрын тос тээвэрлэгч хөлгийн баг халдлагын өмнө "агаарт нисэх биет"-ийг харснаа мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оманы буланд халдлагад өртсөн Японы “Kokuka Courageous” газрын тос тээвэрлэгч хөлгийн эзэмшигч компани өнөөдөр Токиод хэвлэлийн хурал зохион байгуулж, болсон хэрэг явдалтай холбоотой баримт дэлгэжээ.

Кокука Сангё компанийн ерөнхийлөгч Ютака Катада халдлага болохын өмнөхөн хөлгийн багийн гишүүд агаарт ямар нэг биет нисэхийг олж харсан тухай мэдээлсэн байна.

Тиймээс АНУ-ын батлан хамгаалах яамны мэдээлсэн шиг далайн мина халдлагад ашиглаагүй, харин агаараар нисэж ирсэн ямар нэг зэвсэг хөлөгт цохилт өгсөн гэж дүгнэж байгаагаа ярьжээ.

Өнөөдөр Пентагоныхон Японы хөлгийн гадна хэсгээс Ираны тэнгисийн хүчнийхэн дэлбэрээгүй мина салгаж аваад явсныг харуулсан видео үзүүлсэн юм. Иранчууд далайн хөвөгч мина халдлагад ашигласан бөгөөд дэлбэрээгүй минийг баримт үлдээхгүйн тулд авч явсан гэж үзэж байгаагаа тэд тайлбарласан юм. Тэгвэл Кокука Сангё компанийн мэдэгдэл үүнтэй зөрчилдөж байна.

Хөлгийн гадна тал дахь дэлбэрэлт болсон цэг усны түвшнээс дээр байгаа нь мина ашиглаагүйг баталж байна гэж Катада захирал бас ярьжээ.

Японы хөлөг дээр ажиллаж байсан филиппин үндэстэн 21 хүн бүгд аврагдаж, одоо АНУ-ын байлдааны хөлөг дээр байрлаж байгаа гэнэ. Өнөөдөр бас Японы батлан хамгаалахын сайд Такеши Ивая болсон халдлагатай холбогдуулан зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Ормузын хоолой руу илгээх төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press