Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглосон ч орлуулах бүтээгдэхүүн болон эрх зүйн орчин дутмаг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дээр нэг өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг дангаараа эзэлдэг гялгар уут байгальд 100-400 жилийн турш шингэлгүй хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг эрчимжүүлээд зогсохгүй хорт нэгдэл ялгаруулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Иймд 2018 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс дэлхийн “Байгаль хамгаалах” өдрийг тохиолдуулан нийт улс орнуудыг нийлэг, хуванцар хог хаягдлыг багасгахад дор бүрнээ анхаарч, өөрчлөлт хийхийг уриалсан байна. Одоогоор дэлхийд 60 гаруй улс нийлэг уутны хэрэглээг хязгаарлажээ.

Харин манай улсад бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон.

Тус тогтоол хэрэгжээд удаж байгаа ч өнөөг хүртэл иргэд, ААН, байгууллагууд хориглосон нийлэг хальсан уутыг хэрэглэсээр буй дүр зураг ажиглагдсаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоол буюу “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” заалтын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагууд хэрхэн хяналт тавьж байгаа талаар тодрууллаа.

Нийлэг уутыг орлуулах бүтээгдэхүүн байхгүй гэх гомдол их байна

НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н. Одончимэг “Тогтоол гарснаас хойш тодорхой ААНБ-уудад бэлтгэл ажлын хангах хүрээнд тодорхой хугацаа тавьж зааж өгсөн. Энэ хугацаанд бид нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад мэдээллийг түгээж, арга хэмжээ авах мэдэгдлийг хүргүүлж ажилласан.

Хяналт шалгалт хийх явцад орлуулах бүтээгдэхүүн байхгүй байна гэх гомдол ААНБ-ууд гаргаж байна. Учир нь одоогийн байдлаар задгайгаар савласан бүтээгдэхүүнийг худалдан авахад хориглосон нийлэг уутны үнийн дүнтэй дүйцэхүйц, зузаан гялгар уут эсвэл даавуун, цаасан уут худалдаанд байхгүй.

Манайд уутны зузааныг хэмждэг SHANGSHEN загварын микрометр багаж 15 ширхэг бий. Багаж тийм ч хүрэлцээтэй биш болохоор бид урьдчилсан байдлаар нийт худалдаа үйлчилгээнд хэрэглэгдэж буй 300 төрлийн нийлэг уутыг 100 орчим аж ахуй нэгж байгууллагаас авч өөрсдийн боломжийн түвшинд нэг бүрчлэн хэмжилт хийж үзэхэд ихэнх нь шаардлага хангаагүй. Гэвч хэмжилтийн үр дүн дээгүүр үзүүлэлттэй буюу 64.5 хувь нь шаардлага хангасан дүнтэй гарсан нь ихэвчлэн үйлдвэрийн уутыг авч үзсэнтэй холбоотой. Учир нь үйлдвэрүүд маш олон төрлийн уут хэрэглэдэг. Үйлдвэрийнх бол харьцангуй гайгүй шаардлага хангасан байсан. 

Харин хогны уут, тасалдаг өнгөгүй нэг удаагийн уутнууд бүгд шаардлага хангадаагүй буюу 0.035мм үртэй гарсан ч БОАЖЯ-наас гаргасан “Нэг удаагийн халтсан уутыг хориглох тухай шийдвэрийн хэрэгжүүлэх зөвлөмж”-д  бүх төрлийн хогны зориулалтын таних тэмдэглэгээтэй уут, хүнсний скоч, үйлдвэрлэлийн анхдагч савалгааны уутыг хамааруулахгүй гэсэн нь тогтоолыг хэрэгжүүлэхэд маш эргэлзээ төрүүлж байна. Тогтоолд 0.035 мм болон түүнээс нимгэн бүх төрлийн уут гэж заасан боловч зөвлөмж дээрээ задарчихаад байна” гэлээ.

Нэг удаагийн хальсан уутыг хориглох тухай шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмж
"Зөвлөмж Засгийн газрын тогтоолыг давахгүй"

Харин энэ талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Батбаатар “Тус тогтоол 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Үүнээс хойш тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд есөн сарын хугацаа олгосон. Бид арваннэгдүгээр сараас хойш Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сав баглаа боодлын холбоо, үйлчилгээ эрхэлж буй хүмүүс болон бусад холбогдох байгууллагатай нийт таван удаагийн хэлэлцүүлэг хийж, зөвлөмж гаргасан.  

Зөвлөмж гаргахад хоёр төрлийн санал хүсэлт ирсэн нь хогны төрлийн уут ашиглахыг хориглох үйлдвэрээс гарч буй анхдагч бүтээгдэхүүний уутыг зузаан болговол хүндрэлтэй гэсэн байжээ. Үйлчилгээ явуулж буй иргэд задгайгаар савласан бүтээгдэхүүнийг зөөвөрлөхөд зарим төрлийн нийлэг уут хэрэгтэй. Учир нь орлуулах бүтээгдэхүүн цөөн гэдгийг хэлж байсан.

Мөн хүнсний скочийг орлуулах ямар нэг бүтээгдэхүүн одоогоор байхгүй. Оронд нь зузаан гялгар уут, эсвэл цаасан уут ашиглавал чанарын шаардлага хангахгүй төдийгүй аливаа хүнсний бүтээгдэхүүнийг ороож баглавал тухайн хүнс амархан муудна. Тиймээс хүнсний скочид "Хүнсний зориулалтын нийлэг уут мөн" гэсэн тодорхой таних тэмдэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

2018 онд БНСУ-д мөн нийлэг уутны хэрэглээг хориглоход яг ийм асуудал тулгарч, хүнсний зориулалтын скочийг хориглож чадаагүй жишээ бий. 

Тус шийдвэрт манай яам байгаль орчинд ээлтэй гэдэг үүднээс нь маш өргөн хүрээнд анхаарал хандуулж ажилласан. Бид одоогийн байдлыг харгалзаж үзээд эхний ээлжинд "Зөвлөмж"-д зарим төрлийн нийлэг уутыг хамааруулаагүй. Гэхдээ зөвлөмж Засгийн газрын тогтоолыг давахгүй. 

Мөн энэ нь зөвхөн манай яам болон Мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцах асуудал биш. Тиймээс бусад холбогдох яамд орлуулах бүтээгдэхүүнийг олшруулах тал дээр аж ахуйн нэгжээ дэмжин ажиллаж, иргэд ч өөрсдөө нийлэг уутны хэрэглээгээ багасгаж, хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийлэг уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжид зөвхөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн аравдугаар зүйлийн 9.7-д зааснаар уутыг хураах арга хэмжээ авч байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл “Нэгдүгээрт, нийлэг уут нь хөрсөнд шингэдэггүй, шатаахад диоксин, фуран зэрэг аюултай бодис ялгардаг учир зөрчил гаргасан аж ахуйн нэгжээс уутыг хураасан тохиолдолд хэрхэн устгах ёстойг зохицуулах “журам” хэрэгтэй. 

Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 0.035 мм зузаантай нийлэг уут хэрэглэсэн аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хянан шийдвэрлэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн хог хаягдлын бүлэг заалт /Зөрчлийн тухай хууль 6-р зүйл 1.4/ -д Засгийн газрын “тогтоол” гэдэг үг байхгүй. Тиймээс зөрчил гаргасан иргэн, ААН, байгууллагад хариуцлага тооцох боломжгүй аж.

Энэ асуудлаар МХЕГ-аар дамжуулан Хууль зүйн яаманд санал хүргүүлсэн. Хамгийн гол нь тус хуулийг хэрэгжүүлэхэд нөгөө талаар хууль, эрх зүйн орчин дутмаг байгааг НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Одончимэг онцолж байв.

Манай улс нийлэг хальсан уутны хэрэглээнийхээ 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Нийслэлийн хэмжээнд таван сав, баглаа боодол үйлдвэрлэдэг аж ахуй нэгж бий. Харин одоогоор дотоодын нийлэг уутны үйлдвэрүүдэд нэгдсэн шалгалт хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. 

Мөн тогтоол хэрэгжсэнээс хойш нэг удаа БНХАУ-аас 20 мянган ширхэг, 0.035 мм-ээс нимгэн нийлэг уут оруулж ирэхийг завдсан боловч шаардлага хангахгүй гэж үзээд үйлдвэрлэгч орон руу нь буцаасан тохиолдол гарсан байна.