Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мохавк овгийн сүүлчийн “салхиар яригч” нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын арми дайснуудад нууц мэдээллээ алдахгүйн тулд индиан овгуудаас татагдсан цэргүүдээр нууц холбоочны үүрэг гүйцэтгүүлж байсан юм.

Тэдний уугуул хэлээр кодлогдсон мэдээллийг замаас нь сонссон Герман, Японы талууд юу ч ойлгож чаддаггүй байв. Дайны үеэр АНУ-ын арми Навахо, Тлингит, Лакота, Мескваки, Кри, Команч, Мохавк зэрэг Умард Америкийн уугуул овог аймгуудын 500 орчим цэргийг нууц холбоочноор ажиллуулж байжээ.

Ийм үнэ цэнэтэй холбоочдоо алдахгүйн тулд тулааны талбарт тэднийг хэд хэдэн цэрэг хамгаалж явдаг байв. Тэгвэл АНУ-Канадын хил дагуу орших нутгаасаа 16-уул цэрэгт татагдаж байсан сүүлчийн Мохавк холбоочин өнгөрсөн долоо хоногт 94 насандаа таалал төгсжээ.

Луйз Лэви Оакес бол Мохавк овгийн холбоочдоос амьд үлдээд байсан сүүлчийн хүн юм.

Уугуул овгийн цэргүүдийг холбоочноор ажиллуулахдаа нууц хадгалах хатуу гэрээ байгуулдаг байсан тул тэд дайнаас хойш олон жилийн дараа ч алдар гавьяагаа дурсуулах эрхгүй, олон нийт ч тэдний талаар мэддэггүй байв.

Бүр 2008 онд АНУ-ын конгресс “Code Talkers Recognition Act” нэртэй хуулийг баталснаар нууц холбоочид ил гарч, дайны үеэр байгуулсан гавьяагаа ил ярих боломжтой болж эхэлжээ. Үүний үр дүнд Луйз Лэви Оакес 2016 онд АНУ-ын армийн гуравдугаар зэргийн одон болох “Мөнгөн од”-ыг хүртэж байжээ.

Тэрээр дайны үед Шинэ Гвиней, Филиппинд үүрэг гүйцэтгэхээр илгээгдэж, арми түүнийг Японы цэргүүдэд олзлуулахгүйн тулд хүч тавин хамгаалж байсан гэдэг.

Оакес 1946 онд цэргээс халагдсаныхаа дараа Нью Йоркын Буфаллод шилжин амьдарч, төмрийн үйлдвэрт 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ. Умард Америкийн уугуул иргэдийн дайны үеэр байгуулсан гавьяаг үзүүлсэн “Windtalkers” (Салхиар яригсад) кино 2002 онд АНУ-д гарсан нь тэдний алдар нэрийг сэргээхэд чухал түлхэц болсон юм.

 

Эх сурвалж: The Guardian