Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид Boeing 737 MAX онгоцноос согогтой эд анги илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Богино хугацаанд дараалан хоёр удаа осолдсон Boeing 737 MAX загварын нисэх онгоцноос согогтой эд анги илрүүлснээ АНУ-ын Холбооны Нислэгийн Удирдах Газар (FAA) Ням гарагт мэдээлжээ.

737 MAX болон түүний өмнөх загварын нийт 300 гаруй онгоцонд алдаатай эд анги нийлүүлэгдсэн байж болзошгүй тул яаралтай солих арга хэмжээ авахыг Боинг компаниас FAA шаарджээ.

Тодруулбал 737 MAX загварын 179 онгоц, түүнээс өмнө зах зээлд гарсан 737 NG загварын 133 онгоцны далавчны урд ирмэгт байрладаг хөдлөгч эд ангийг согогтой үйлдвэрлэж Боинг компанид нийлүүлсэн байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Энэхүү эд анги нь онгоцыг хөөрөх, газардах үед далавчны хүчийг нэмэх зориулалтаар ашиглагддаг ажээ.

Boeing 737 MAX загварын онгоц өнгөрсөн гуравдугаар сард Этиопт осолдсон бол өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид мөн осолдож, нийтдээ 346 хүний амь үрэгдсэн билээ.

Үүний улмаас дэлхий даяар энэ загварын нисэх онгоцнуудын ашиглалтыг зогсоож, техникийн дүгнэлт гарахыг хүлээж байгаа. Боинг компани ослын шалтгааныг нислэгийг удирддаг программын алдаатай холбон тайлбарлаж, засварласан хувилбарыг гаргаснаа зарлаад байна.

Программын засварыг нэвтрүүлэх зөвшөөрлийг одоо FAA байгууллагаас хүлээж байгаа юм.

Дараалсан ослуудын улмаас дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани санхүүгийн хямралд ороод байна. Тус компани 2019 оны бизнес төлөвлөгөөнөөсөө доод тал нь $1 тэрбумын орлого хасаж тооцох болоод байгаа бол хувьцааны үнэ нь 20 орчим хувиар унаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters