Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Манай улсад байгаа Оросын эзэмшлийн найман байрыг Монголын талд шилжүүллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараагаар хоёр улсын төлөөлөл хамтарсан мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ жилийг Халх голын байлдааны 80 жил, Атар газар эзэмшсэний 60 жил, Төмөр зам байгуулагдсаны 70 жилийн ой зэрэг түүхт ойнууд давхацсан онцгой жил болж байгааг цохон тэмдэглэсэн. Мөн тэрбээр хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд Ө.Энхтүвшин "Олон жил яригдсан хэр нь шийдэлд хүрээгүй асуудлуудаас заримыг нь шийдлээ. Тухайлбал төмөр замын онцгой албан татварын асуудал, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа Оросын талын үл хөдлөх хөрөнгийг асуудлыг шийдсэн. Ингэснээр найман орон сууц буюу 550 орчим айлын орон сууцыг Монголын талд шилжүүллээ" хэмээж, хуралдааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Засгийн газар хоорондын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев "Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн энэ жил УБТЗ-ын 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Төмөр замын хөгжлийн хөтөлбөрийг Оросын талаас дэмжиж байгаа бөгөөд энэ чиглэлийн асар их туршлага хуримтлуулсан тул туслах зүйл их бийг онцлон тэмдэглэе" гэв.

Түүнчлэн хуралдааны үр дүнгийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Төмөр замын онцгой албан татварыг 1998 оноос хойш манай тал хураан авсан байсан. Харин Оросын талаас 1949 оны хэлэлцээрийн дагуу үүнийг авах ёсгүй байсан тул буцааж өг гэх хүсэл тавиад байв. Үүнийг хоёр талаасаа судалж үзэн 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж байна" хэмээн хэллээ. Дараагийн хуралдаан ОХУ-д болох аж.