Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Оростой хамтран шинэ зэвсэг бүтээх тухай Эрдоган мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Турк улс ОХУ-аас С-400 агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдан авахаар болсон нь Анкарагийн гол холбоотон АНУ-д таалагдахгүй байгаа.

Хэрвээ энэ наймаа хэрэгжвэл эдийн засгийн хориг тавихаас эхлээд хоёр орны харилцаанд муугаар нөлөөлөх олон талын аюултайг Вашингтоны зүгээс удаа дараа анхааруулаад байна.

Харин Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнгөрсөн Бямба гарагт Истанбул хотод иргэдтэй уулзахдаа зэвсэг худалдаж авах наймаа эргэлт буцалтгүй болсноос гадна ОХУ-тай хамтран дараа үеийн зэвсгийг бүтээнэ гэж мэдэгджээ.

“С-400 системийг худалдаж авах наймаанаас буцах тухай ямар ч яриа байхгүй. Энэ бол нэгэнт тохирчихсон зүйл. С-400 системийг авсны дараа бид Оросын талтай хамтран С-500 хувилбарыг бүтээнэ” гэж Эрдоган ярьсан байна.

АНУ, Турк нь NATO-гийн түншүүд боловч олон асуудлаар санаа зөрөлдсөн хэвээр байгаа. Оростой хийж буй наймааг нь зогсоохын тулд Вашингтон Туркэд F-35 сөнөөгч онгоцнууд нийлүүлэх ажлыг түр зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргасан юм.

Турк улс нийт 100 ширхэг F-35 онгоц авах гэж байгаа бөгөөд нисгэгчид нь одоо АНУ-д бэлтгэгдэж байгаа. Өчигдөр Эрдоган хэлэхдээ АНУ-ын F-35 онгоцнууд болон ОХУ-ын С-400 системийг зэрэгцүүлэн ашиглахад техникийн хувьд зөрчилдөх зүйл байхгүй гэжээ. Харин ингэж ашиглавал F-35 онгоцны технологийн нууц Оросын талд алдагдана гэж Вашингтоны тал болгоомжилж байгаа юм. 

Тэр бас F-35 онгоцнуудыг “эрт орой хэзээ нэгэн цагт Турк улс хүлээж авах болно” гэж мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй ирэх долдугаар сард хүлээж авахаар төлөвлөгдсөн С-400 системийг хүсвэл наана нь авсан ч болно гэж Эрдоган мэдэгджээ.

 

 Эх сурвалж: AFP