Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох гэрээг байгууллаа

ikon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. Тус гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурав.

Энэхүү арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол Улсад метан хийн зах зээл хөгжих бүрэн боломж, бас ирээдүй бий. Өнөөдөр бид нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлын эхлэлийг тавилаа.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан. Манай компани энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь метан хийн чиглэлийн хайгуул судалгааны ажил юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт босгох, нөөцөө тогтоох, ТЭЗҮ-ээ олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хийх боломж бүрдэж байна.

 

Хөрөнгө оруулагч Австралийн компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан нөөцийг нарийвчлалтай тогтоох, бусад гарч болох эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллах юм. Гэхдээ энэ удаа нөөц тогтоох чиглэлд илүү баталгаатай, бодитой судалгаа хийгдэх бөгөөд хамгийн чухал нь нь  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл болно. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д Засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу үе шаттай ажлууд хийж байна” хэмээн онцлов.

 


Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.