Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Starlink: 2027 онд пиццаны хэмжээтэй антеннаар дэлхийн хаанаас ч интернэтэд холбогдоно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Америкийн бизнесмэн Илон Маск дэлхийн бөмбөрцгийг интернэтээр бүрхэх Starlink төсөл эхлүүлээд байгаа билээ. Тэрээр энэ төслийн хүрээнд дэлхийг тойруулан 12,000 орчим хиймэл дагуул байрлуулах зорилготой байна.

Эхний 60 хиймэл дагуулыг өнөөдөр тойрог зам руу илгээж байгаа.

2027 онд бүрэн хэрэгжиж дуусах энэ төслийн үр дүнд хүн төрөлхтөн дэлхийн аль ч цэгээс дундаж пиццаны хэмжээтэй тавган антеннаар шилэн кабелаас 50 хувь илүү хурдан интернэтэд холбогддог болно.

Уг төсөлдөө жил бүр $30-$50 тэрбумыг зарцуулна гэдгийг Илон Маск өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрээр анхны 60 хиймэл дагуулыг хөөргөж байгааг тохиолдуулан төслийнхөө талаар зарим мэдээллийг өгсөн юм.

Starlink-ийн интернэт холболтыг хурдтай болгож байгаа гол шалтгаан нь хугацааны ямар ч алдагдалгүй дата дамжуулах технологи юм байна. Жишээ нь одоо бид АНУ-д байгаа серверт холбогдохын тулд далай доогуур олон мянган километр үргэлжилсэн шилэн кабелиар дамждаг. Ингэхэд хугацааны алдагдал заавал үүсдэг. Харин тойрог замын нам өндөрт жигд байрласан хиймэл дагуулууд хоорондоо лазерын гэрлээр холбогдох тул дата дамжих хурд нь вакуумд гэрэл дамжих хурдтай ойролцоо байх ажээ.

Нэг хиймэл дагуул нь 227 кг жинтэй, ажлын ширээний хэмжээтэй байна. Эхний 400 хиймэл дагуулыг хөөргөсний дараа интернэтийн хамрах хүрээ хамгийн бага хэмжээнд тогтох бол 800 хиймэл дагуултай болсноор дундаж хэмжээнд хүрэх ажээ.

Энэ мэт тэлсээр 2027 он гэхэд дэлхийн бөмбөрцгийг бүрэн хамарсан хиймэл дагуулын сүлжээ үүсэх юм байна.

$200 орчим үнэтэй болно гэж төсөөлж байгаа хүлээн авагч антенныг гэр, усан онгоц, автомашины дээвэр дээр байрлуулан ашиглаж болно. Нэгэнт маш олон хиймэл дагуулыг тойрог замд байрлуулсан тул антенныг суурилуулж, ажиллуулахад ямар ч хүндрэл байхгүй юм байна.

Хиймэл дагуулууд нь таван жил ажилласны эцэст өөрийгөө устгах зориулалттай тул тойрог замд хог хаягдал нэмж үүсгэхгүй гэдгийг Илон Маск баталж байна. Мөн одоо тойрог замд байгаа сансрын хог хаягдалтай мөргөлдөхгүйн тулд NASA-гийн NORAD хяналтын системтэй холбогдож ажиллахаар хиймэл дагуулуудыг зохион бүтээжээ.

 

Эх сурвалж: Tech Insider