Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийгэмд гэнэтийн, цочир зүйл тохиолдож ард түмэн хариу үйлдэл хийх чадвараа алдах тэр үеийг ашиглан Шок номлолыг хэрэгжүүлдэг"

МОНСУДАР
2019 оны 5 сарын 9
Монсудар
Зураг зураг

Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхтэн Наоми Kлайн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номоо 2007 онд бичжээ. Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн өөрсдийн бодлогоо хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар хэрэгжүүлдэг нууц түүхийг өгүүлнэ. Дэлхийн 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болсон уг номыг саяхан Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэсэн юм.

Хэвлэгдэн гарсан өдрөөсөө эхлэн дэлхий даяар шуугиан тарьсан Наоми Клайны "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номын орчуулагч, эдийн засагч О.Гомбожавтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

- Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Энгийнээр бол би өөрийгөө номын хоббитой хүн гэх юм уу даа. Би эдийн засагч, судлаач хүн. Одоогоор шинээр байгуулагдсан хөрөнгө оруулалтын Steolf компанид хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байна. Бас судлаачийн хувьд судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.

Хувийн сонирхлынхоо дагуу Монсудар хэвлэлийн газартай олон жил ажиллаж, олон бүтээл хамтарч гаргалаа. Өмнө нь Үүрийн гэгээ, Галаар наадсан охин гэх мэт уран зохиолын номууд дээр ажиллаж байсан. Харин бидний хамтарсан сүүлийн бүтээл нь улс төр-эдийн засгийн чиглэлийн Шок Номлол нэртэй тун чухал ном байлаа. 

- Та бүхний сүүлийн хамтарч эрхлэн гаргасан “Шок номлол” хэмээх номын гол онцлог нь юу байв? Өөрөөр хэлбэл ямар учраас энэ ном чухалд тооцогдож байгаа вэ?

- Энэхүү номд маш их дурдагдах Неолиберализм гэдэг ойлголт сүүлийн жилүүдэд эргээд шүүмжлэлд өртөж байна. Жишээ нь Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эдийн засгийн хөгжлийг зөвхөн ДНБ-ээр үнэлэх нь учир дутагдалтай юм байна гэдгийг яриад эхэллээ. Тиймээс энэ ном ялангуяа бодлого тодорхойлогчдын хувьд цаг үеэ мэдрэх, чиг хандлагыг ойлгох, юмыг наанатай цаанатай харахад нь тус болох болов уу.

Түрүүн дурдсанаар, би өөрөө эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй хүн. Энэ утгаараа миний хувьд тус номын онцлог нь магистр болох хүртлээ заалгасан, сурсан эдийн засгийн онолын тухай ойлголтыг минь сөрсөнд байсан юм. Ер нь аль ч эдийн засгийн сургууль одоо неолиберал эдийн засгийн онолыг заадаг. Магадгүй Хятадад өөр байдаг байх л даа. Энэ үзэл санаа нь эдийн засагт төрийн оролцоо бага, болж өгвөл байхгүй байх, татвар бага, худалдаа болон хөрөнгө оруулалт чөлөөтэй байх нь аль аль талдаа өндөр өгөөжтэй гэж үзнэ. Цаашилбал нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил хоёрыг тусад нь салгаж авч үздэг.

Чоно ирсэн газарт нь тэгш бус байдал давамгайлдаг, баян хоосны ялгаа гаардаг, улмаар улс төр, бизнесийн эрх ашиг сүлэлдсэн элит бүлэглэл, тэнгэрийн амьтад үүсдэг зүй тогтол байдаг.

Харин энэ номд эдийн засгийн хөгжил ба үндэсний буюу аливаа улсад амьдарч байгаа жирийн иргэний эрх ашгийн уялдаа холбоог тодорхой харуулснаас гадна даяарчлагдсан өнөөгийн ертөнцөд энэ хоёр нь бие биетэйгээ тэрсэлдэж байгааг олон жишээгээр дурдаж тайлбарласан юм.

Миний хувьд магистрын судалгааны сэдвээрээ улс орны зөөлөн хүч нь эдийн засаг, тэр дундаа санхүүгийн салбарын хөгжилтэй ямар уялдаатай байгааг судалж байлаа. Зөөлөн хүч гэдэг нь олон улсын харилцаанд хэрэглэгддэг харьцангуй шинэ ойлголт. Гэхдээ зөөлөн хүч юунаас бий болдог тухай онолын судалгаа нь тус улсын боловсролын бодлого, шинжлэх ухааны хөгжлийн түвшин, төрийн институциудын чанар, төр бизнесийн уялдаа холбоо гээд нийгэм, улс төрийн суурь үзүүлэлтүүдээсээ хамаарч байгааг илрүүлсэн байдаг.

Та бүхэн нээлттэй байдаг энэхүү судалгаатай танилцаад үзвэл татвар хамгийн өндөр, нийгмийн халамж хамгийн сайн, дээд боловсрол үнэгүй байдаг, эдийн засаг дахь төрийн зохицуулалт, хяналт өндөртэйд тооцогдох орнууд жагсаалтыг тэргүүлсэн байдаг нь их сонирхолтой. Харин зөөлөн хүчийг тодорхойлогч энэхүү суурь үзүүлэлтүүд нь улс орны санхүүгийн салбарын хөгжил, наанадаж тус улсын зээлжих зэрэглэлтэйгээ ч шууд хамааралтай байгаа нь ажиглагдаж байлаа.

- Эдгээр үзэл санааны зөрчилтэй байдлын учир шалтгааныг энэхүү номд ойлгомжтой тайлбарлаж өгсөн гэж ойлголоо. Тэгэхээр Шок номлол гэдэг нэрийн тухайд илүү тодруулъя. Шок номлол гэж яг юуг хэлээд байна вэ?

- Номын зохиолч ч өөрөө “шок” гэж юу юм бэ гэдгийг хүний физиологийн үүднээс нь дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Ерөнхийдөө гэнэтийн, цочир юм тохиолдоход хүн эрүүл ухаанаар хариу үйлдэл хийх чадвараа алддаг юм байна. Энэ үед болсон үйл явдлыг бүрэн ойлголгүй өнгөрдөг. Өөрөөр хэлбэл яаж ч болох нэг чөлөө гардаг. Энэ чөлөөг ашиглаж, жирийн үед бол хүмүүсийн эсэргүүцэх, дургүйг нь хүргэх юмыг хийж болдгийг тус номд тайлбарласан юм. Энэ нь зөвхөн нэг бие хүнээс гадна улс үндэстэн, ард түмэнд ч үйлчилдэг юм байна.

Санаа нь байгалийн гамшигт өртөх, дайн болох, дотоодоос төрийн эргэлт гарах гэх мэт ард түмэн тэр чигээр нь шоконд орж, зохион байгуулалттайгаар эрх ашгаа хамгаалж чадахгүй үеийг далимдуулж л эдийн засгийн ард түмэнд ээлгүй бодлого хэрэгжиж ирсэн учраас үүнийг “Шок номлол” гэж нэрлэсэн. Ингэхээр “Шок номлол” гэдэг нь манай монголын чоно борооноор гэдэг үгтэй дүйж болох юм. 

Тэгэхээр чоно нь хэн юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз? Чоно ирсэн газарт нь тэгш бус байдал давамгайлдаг, баян хоосны ялгаа гаардаг, улмаар улс төр, бизнесийн эрх ашиг сүлэлдсэн элит бүлэглэл, тэнгэрийн амьтад үүсдэг зүй тогтол байдаг юм байна. Энэ үзэгдэл нь бүхэл бүтэн улс орон, нийгэмд ч хэрэгжих боломжтой гэдэг нь тодорхой болж, хойшид олон улс оронд хэрэгжсэн юм. Үүнийг “Шок номлол” номд судлагдсан Чили, Аргентин, Боливи, Өмнөд Африк, Орос, Польш, Индонез, Хятад зэрэг орнуудын жишээгээр харуулсан. Энэ чоно нь бас их олон нэртэй. Америкдаа бол жишээ нь консерватизм гэж явдаг. Зах зээлийн капитализм, зарим талаар даяарчлал гэдэг тодорхойлолттой ч холбоотой. Харин энэ номд Неолиберализм ба корпоратизм гэсэн нэршлүүдийг түлхүү ашигласан байдаг. 

- Шок номлол гэдэг зүйл улс орон, нийгэмд ч хэрэгжих боломжтой гэж байна. Чухам үүнийг улс орнуудад хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ? 

- Өмнө нь хэлсэнчлэн энэ “Шок номлол” номд түлхүү ашиглагддаг Неолиберализм гэдэг нь эдийн засгийн хэт барууны үзлийг хэлээд байгаа юм. Одоогийн дэлхийн эдийн засаг, бизнесийн орчинг зохицуулж байгаа онолын суурь гэсэн үг л дээ. Тус онолыг хэрэгжүүлэхдээ шок номлолын аргаар улс орнууд дээр туршдаг байх нь.

Неолиберализм яг амьдрал дээр хэрэгжихдээ ямар дүр зураг үүсгэдэг вэ гэхээр төрийн томоохон компаниуд үнэгүй шахуу хувьчлагддаг, хүмүүс үй олноороо ажилгүй болдог, ядуурдаг, түүнээс үүдсэн нийгмийн асуудлууд үүсдэг, улс орны хөрөнгө, баялаг дээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд олон улсын корпорациуд гарч суудаг тухай энэ номд тодорхой жишээгээр дурдсан байгаа. Хамгийн наад захын жишээ нь Олигарх гэдэг үг байна. Энэ бол цэвэр неолиберализмын үзэгдэл юм байна л даа. Ерөнхийдөө нь бол улсын бүтээсэн хөрөнгө, баялаг нь ард түмэндээ огт хүртээлгүй болдог гэж ойлгож болно. 

Ийм ард түмэнд халтай эдийн засгийн бодлого яаж хэрэгжиж ирсэн юм бэ гэдэг асуудал энэ номны үндсэн сэдэв нь юм. Ардчилсан зарчмаар, эрүүл ухаанаар, олноороо санал нэгдээд эдийн засгийн ийм бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр неолиберализм анх үүссэн түүхээсээ авахуулаад л энэ шок номлол гэдэг аргаар дамжин, тодорхой шат дараалалтайгаар хэрэгждэг юм байна. 

 

Хамгийн анх энэ нь Латин Америкт Пиночет тэргүүтэй дарангуйллын үед хэрэгжсэн байдаг. Дараа нь Орос, Польшид яг коммунизм задрах үеийн нийгэмд үүссэн шокыг ашигласан. Сүүл рүүгээ Иракын дайн, 9 сарын 11, байгалийн гамшгуудыг ашигладаг болсон. Бүр сүүлдээ өөрсдөө даяарчлалын үр дүнд үүссэн Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг бүтцүүдээ ашиглаад эдийн засгийн хямралыг улс оронд зохиомлоор үүсгэж, шоконд оруулж сурсан тухай гардаг. Жишээ нь Азийн хямралыг ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд яаж амжилттай өдөөсөн тухай энэ номд сонирхолтойгоор тайлбарласан байгаа.

Хамгийн сонирхолтой нь энэ бүх хямралаас тодорхой хэсэг нь хожоод гардаг юм байна. Тэр нь голдуу барууны томоохон компаниуд байсан байна. Иймдээ ч неолиберализм нь барууны тэр том компаниудад л үйлчилдэг гээд зохиолч нь энэ бол ер нь корпоратизм юм байна гэсэн шинэ нэр өгсөн байгаа юм.

- Маш сонирхолтой санагдлаа. Энэ номоос манай уншигчид юуг илүү анхаарч уншаасай гэж орчуулагчын зүгээс хүсэж байна вэ? Ер нь яагаад энэ номыг унших хэрэгтэй юм бол?

- Сайхан асуулт байна. За тэгэхээр Орос, Польш зэрэг орнууд неолиберализмд шилжсэн тухай түүхийг уншихаар манай орны зах зээлийн эдийн засагт шилжсэн үеийн түүхтэй гайхалтай төстэй байдаг шүү дээ. Энэ номд маш олон хүний нэр гарах бөгөөд ялангуяа Неолиберализмын эцэг Мильтон Фридман гэдэг хүний тухай маш дэлгэрэнгүй гардаг.

Мөн түүнчлэн түүний энэхүү үйл хэргийг үргэлжлүүлсэн Жеффри Сакс гэдэг хүн гарна. Энэ Жеффри Сакс гэдэг хүн нь Боливи, Польш, Орост очиж бужигнуулсан хүн юм байна лээ. Зарим эх сурвалжаас би энэ хүн Монголд ч ирж, зөвөлгөө өгч байсан гэж дуулсан шүү. 

Монгол улс өөрөө дотоодын болон олон улсын шинжтэй хэд хэдэн шокыг давж гарсан байдаг. Мэдээж 90-ээд онд шилжилтийн үе таарсан. Өмч хувьчлал явагдсан. Дараа нь 1990 оны сүүлээр Азийн эдийн засгийн хямралд, дараа нь 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралд бас өртсөн. 7 сарын 1-ний үйл явдал ч Монголчуудын хувьд том шок байсан. Тиймээс уншигчид маань энэ бүх ойр болсон үйл явдлуудыг нэхэн санаж, зүй тогтлыг нь гаргаж унших хэрэгтэй юм байна гэж надад бодогдож байлаа.

- Өнөөдрийн улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдлыг ойлгож, цаашид сайжруулахад бидний хувь нэмэр юу байх вэ? Та өөрийнхөө зүгээс дүгнэж, уншигчдадаа зөвлөөч.

- Тус номд неолиберализм, зах зээлийн эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн үгүйсгээд, эргээд социализм байгуулъя гэсэн санааг агуулаагүй. Харин хэт туйлшрах нь буруу буюу манайхны ярьдгаар тэнцвэр, арга билгийн тухай юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийг зөнд нь хаяж зэрлэгшүүлэх биш, түүндээ жирийн иргэний, үндэсний эрх ашгийг тусгаж байх нь зөв юм биш үү гэсэн санааг гаргасан байгаа. 

Тэгэхээр орчуулагчийн хувьд энэ “Шок номлол” хэмээх ном манай улсын хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулсан, сэтгэлгээний өөрчлөлт, хувьсалд түлхсэн үйл явдалд бүгдийг хөтлөөсэй гэж хүсэж байна. Олон хүн уншаасай, тэгээд дараа нь энэ чухал сэдвийн талаар боловсон, мэдээлэлжсэн хэлэлцүүлэг өрнөөсэй хэмээн найдаж байна даа. Энэ л бидний хийж чадах хамгийн энгийн зүйл юм шүү дээ.