Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Танай гэр бүл хэдэн төгрөгөөр цэвэр агаар "худалдаж авсан бэ?"

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ганц өдрийн цэвэр агаарыг 50,000-100,000 төгрөгөөр "худалдаж авдаг" тухай тооцооллыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ынхан гаргажээ.

"Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт чуулган дөрөв дэх хэсэгт "Агаарын бохирдлын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл"-ийг хэлэлцлээ.

Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буюу амьсгалын замын өвчлөлөөс үүдэн өрхөд ямар хэмжээний зардал гарч байгаа, хэрхэн санхүүгийн сүйрэлд хүргэдэг талаарх дараах илтгэлүүд энэ хэсэгт тавигдсан юм.

Цэвэр агаарын 50,000-8,000,000 төгрөгөөр “худалдаж авчээ”

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гишүүн Я.Мөнхчимэг "Гэр бүлд учрах дарамт ба алдагдсан боломж" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр "Улаанбаатарт амьдарч байгаа бага насны хүүхэдтэй өрхүүдээс асуулга авч, амьсгалын замын өвчлөлд жилд хэдэн удаагийн давтамжтай өртөж, эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гаргаж байгааг тодруулсан.

Иргэдийн эмчилгээнд зарцуулж буй мөнгөний хамгийн доод хэмжээ 50,000 төгрөг. Хүүхэд нь амьсгалын замын өвчин туссан бол хамгийн багадаа 50,000 төгрөгтэй эмийн сан орох шаардлагатай байдаг талаар эцэг эхчүүд хэлж байгаа. Хүүхэд нь давтан өвдөх тохиолдолд хэрэглэх эмийн төрөл, үнэ улам нэмэгддэг. Эмнэлэгт хэвтвэл бүр ч их зардал гардаг тухай мөн хэлсэн. Тиймээс өвтгөхгүйн тулд цэвэр агаарыг төрөл бүрийн хэлбэрээр "худалдан авсан байна"" хэмээн хэллээ.

Цэвэр агаар "худалдаж авах" хэлбэрүүд:
  • Амралтын өдрөөр хотоос гарахад 50,000 төгрөг, хоновол хамгийн багадаа 100,000 төгрөг зарцуулдаг.
  • Хөдөө эсвэл хотын ойролцоо агаарын бохирдол багатай бүсэд байр түрээслэхэд, зөвхөн түрээсэнд сард 250,000-500,000 төгрөг зарцуулна. Үүн дээр нэг айл хоёр хуваагдан байрлаж байгаатай холбоотойгоор ахуйн зардал нэмэгддэг.
  • Тавиул хүүхэд буюу хүүхдээ ойр төрлийн хамаатныдаа/ихэвчлэн өвөө эмээгийнд/ байлгах. Ийм тохиолдолд хүүхдээ эргэхээр явах зардал болон бусад зардлууд гардаг.
  • Агаарын бохирдол ихтэй улиралд гадаад явах. Сүүлийн жилүүдэд ээж нь хүүхдүүдээ аваад аль болох өртөг багатай дулаан орон руу явах болсон. Иргэдийн түгээмэл зорих болсон Тайланд улсад 7-14 хоног байрлаад ирэхэд 5-8 сая төгрөгийн зардал гардаг байна.

Эцэг эхчүүдээс цэвэр агаар "худалдан авахад" зарцуулсан мөнгөө өөр юунд зориулж болох байсан талаар тодруулахад "Хүүхдийнхээ боловсрол, хөгжилд анхаарч, дугуйланд явуулах байсан" хэмээх түгээмэл хариултыг өгчээ.